Шууд Chart

Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ

2020-01-18 11:05:37

АНУ-ын дээд шүүхийн тэргүүн Жон Робертс болон сенатын гишүүд тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлах үйл явц Конгрессын дээд танхимд албан ёсоор  эхэллээ.  Төлөөлөгчдийн  танхимаас  Ерөнхийлөгч Трампыг 2 зүйл ангиар буруутгасан тогтоолыг Дээд танхимд  өргөн барьсан юм. 

Гэхдээ Сенатын танхим дахь импичментын асуудлаарх анхны хуралдааныг ирэх 21-ны өдөр товлоод байна. Ерөнхийлөгч Трампыг бүрэн эрхээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэдэг 2 үндэслэлээр буруутгаж байгаагаа Төлөөлөгчдийн танхим  санал хураалтаараа илэрхийлсэн. Харин Сенатад Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлыг хэлэлцэх үйл явц шүүх хуралдааны хэлбэрээр явагдана. Төлөөлөгчдийн танхимаас томилогдсон гишүүд энэ хуралдаанд яллагчийн үүрэгтэйгээр оролцох бол сенатын гишүүд тангарагтны шүүгчийн үүргийг гүйцэтгэхээр хуулинд заагдсан байдаг. Ерөнхийлөгч Трампыг буруутгасан Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг баталж, түүнийг огцруулахад Сенатын танхимын гишүүдийн гуравны 2-ынх нь санал шаардлагатай. Гэвч Сенатын танхимд  Бүгд найрамдахчууд  олонх болдог учир Ерөнхийлөгч Трампыг огцруулах магадлал бараг байхгүй гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. 

Энэ хооронд Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооноос 2016-19 оны хооронд  Украинд  элчин сайдаар  ажиллаж байсан Мари Луиза Иовановичийг тагнаж  чагнасан  гэх мэдээллийг дэлгэсэнтэй холбоотойгоор Украины үндэсний цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн  мөрдөн шалгаж эхэлсэн тухай мэдээлж байна. Киев АНУ-ын дотоод улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх байр суурийг баримталж байгааг Украины дотоод хэргийн яамнаас сануулсан байна.

Гэхдээ Конгресст байгаа материалд үндэсний хууль тогтоомжууд, дипломат харилцааны тухай  Венийн конвенцыг зөрчсөн байж болзошгүй мэдээллүүд багтсан байгаа учир эрүү үүсгэн шалгах нь зүйтэй гэж үзсэн байна. Элчин сайд Иовановичийг тагнаж чагнасан байж болзошгүй тухай Конгрессын тагнуулын хороо, хууль зүйн хорооны дарга нарын захидалд өгүүлсэн байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ   
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй