Шууд Chart

АНУ-д шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

2020-01-22 14:38:55

АНУ-д коронавирусээр өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байгааг тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлсэн байна. Хятадаас улсаас гадна 5-н ч оронд эх үүсвэр нь тодорхойгүй коронавирус ийнхүү тархаад байгаа юм. Азийн орнуудаас Тайланд, Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсад коронавирусын халдвар бүртгэгдсэн бол барууны орнуудаас АНУ–д анх удаагаа коронавирус бүртгэгдээд байна.

АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдэгдэл хийж, коронавирусын халдвар Америкийн нутаг дэвсгэрт анх удаагаа бүртгэгдээд байгааг мэдээлжээ. Америкийн Вашингтон мужийн оршин суугч Хятадын Ухань хотод зорчоод ирсний дараагаар бие нь муудаж эхэлжээ. Тэрээр 1-р сарын 15-нд Уханьд очсон бөгөөд АНУ-д эргэн ирсний дараагаар ийнхүү эмнэлэгт хандсан байна. Америкийн эрүүл мэндийн албаныхан өвчтөнийг тусгаарлан эмчилж байгаа гэдгийг дамжуулснаас гадна түүний биеийн байдал сайн байгааг дуулгажээ. АНУ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аль хэдийн авч эхлээд байгаа ч тус улсын нутаг дэвсгэрт коронавирус нэвтэрчээ. Тодруулбал, Чикаго болон Атлантагийн олон улсын онгоцны буудлууд Хятадаас ирж буй зорчигчдыг үзлэгт хамруулж байгаа юм. Нью-Йорк, Сан-Франциско болон Лос Анжелес хотын онгоцны буудлууд ч коронавирусын эсрэг үзлэг, хяналтыг чангатгаад байгаа юм. Энэ хооронд  шинэ төрлийн коронавирусын өвчилсөн нийт хүний тоо 440  байгаагаас гадна 9 хүн амиа алдаад байна. Хятадын эрүүл мэндийн албаныхан өвчлөгсдийн 170 нь Ухань хотыг оролцуулаад Хубэй мужид байгаа бол Бээжинд таван хүнээс, Шанхайд 2, Гуандон мужид 14 хүнээс коронавирусын илэрсэн байна.

Үүгээр зогсохгүй Чунчин, Тяньжинь хотууд болон Жөжян мужид мөн коронавирусын тохиолдол бүртгэгдсэн нь Хятад улс дахь тус вирусийн тархалт  хурдацтайг явагдаж байгааг харуулжээ.  Хятадын эрүүл мэндийн албаныхан шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг нотлоод байгаа юм. Гэхдээ тус вирус нь  САРС шиг өндөр халдвартай биш гэдгийг мөн онцолжээ. Ийнхүү коронавирусын халдвар Хятад төдийгүй бусад улс орнууд тархаж байгаа учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс лхагва гарагт буюу өнөөдөр яаралтай хурал зарлаад байгаа юм. Тус хурлаар олон улсын хэмжээнд онц байдал зарлах уу гэдэг асуудлыг хэлэлцэх юм байна. Швейцарийн Женев хот дахь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төвд мэргэжилтнүүд уулзаж, өнгөрсөн сард Хятадын Ухань хот анх бүртгэгдсэн уушгины хатгалгааг үүсгэгч вирусийн эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревик өнгөрсөн ням гарагт сэтгүүлчидтэй уулзах үедээ коронавирусыг тээгч гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүстээ халдвар тээх магадлал өндөртэйг анхааруулжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах тохиолдолд улс орнуудыг шинэ төрлийн коронавирусын эсрэг чанга хатуу арга хэмжээ авахыг уриалах нь тодорхой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ   
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй