Шууд Chart

Г.Баярсайхан: Машинтай салхи татуулан давхихаас илүү морь унах нь гоё

2020-02-05 12:19:26

Төв аймгийн уугуул Ганбатын Баярсайхан ХБНГУ-ын Дюссельдорф хотод амьдарч, морин тойруулгын мэргэжлийн уралдаанч буюу жокей цол хүртэн ажиллаж байгаа билээ.

1997 онд Герман улсыг хүүхэд насандаа зорьж тэндээ мэргэжлийн уралдаанчаар бэлтгэгдэж өдгөө дэлхийн шилдэг уралдаанч нарын 200-д эрэмблэгдэж байна. Иймд түүнтэй холбогдож, ярилцсан юм.

-Сайн байна уу. Германд цаг агаар ямар байна вэ?

-Сайн. Сайн байна уу. Энд сэрүүхэн байна. Гэхдээ цагийн аяс дулаарч байгаа болохоор гудамж, талбай нилэнхүйдээ шалбаагтай боллоо. Яг одоо би ингээд л явж байна (зургаа илгээв).  

-Та Монголоос очихдоо л уралдаанч болох зорилготой байсан уу?

-Тийм ээ. Төв аймгийн Борнуур суманд манай өвөөгийнх байдаг байлаа. Өвөөг маань Дэлэг гэдэг. Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач О.Маар агсан өвөөгийн ойрын хамаатан ч гэж ярьдаг. Энэ хүний алдартай босоо хээр азаргыг ард түмэн анддаггүй юм билээ. Улс, бүсийн наадамд олон удаа түрүүлж, айрагдсан түүхтэй.

Маар агсан алдарт босоо хээр азаргынхаа хамт. 

Дэлэг өвөө маань морины цол дуудна, сайхан дуулна, морь сайн уяна. Дунд сургуульд сурч байхдаа би хичээлийнхээ амралт болох бүрт өвөөгийндөө очдог байсан. Хурдны морь ч их унасан. Харин сургууль төгссөний дараа аав, ээж хоёр маань энэ улсад ажиллахаар ирсэн болохоор хамт нүүсэн. Багадаа морь унаж байсан болоод ч тэр үү энэ улсад миний хийж чадах ажил морь унах юм шиг санагдаад Монголоор орчуулбал “Морины малчин” гэдэг нэртэй сургуулийг судалж байгаад элсэн орсон. Тэгээд ч дунд сургууль төгссөн надад ямар нэг мэргэжил хэрэгтэй шүү дээ. Манай сургууль мэргэжлийн уралдаанч болох хүмүүсийг гурван жил бэлтгэдэг юм.  

-Таныг жокей цолтой болсон гэж дуулсан. Энэ цолны болзлыг хэзээ хангасан бэ?

-2013 онд энэ цолыг авсан. Морин уралдаанд оролцоод 50-аас дээш түрүүлбэл энэ цолыг хүртдэг. Би одоогоор 130 орчим удаа түрүүлээд байна.

-Хамгийн анх хэдэн онд морин уралдаанд оролцсон бэ?

-2012 оны эхээр. Эхлээд зөвхөн Германд болдог уралдаанд оролцдог байлаа. Харин одоо Франц, Голланд, Белги, Полш зэрэг улсад очиж уралдаж байна. Бооцооны хувьд ч уралдаан болгон харилцан адилгүй. Гэхдээ нэлээн өндөр бооцоотойгоор зохион байгуулагддаг. Хэрвээ би морио түрүүлүүлэх юм бол бооцооноос нь Германд тав, Францад 7.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний шагнал авна. Үүн дээр сар бүр 2000 еврогоор цалинждаг. 

-Компаниас цалинждаг юм уу?

-Хувь хүнээс. Уяачид нь өөрсдөө жокечдод санал тавьдаг юм. Зарим үед надад санал ирэхгүй байх тохиолдол гарна. Тэгвэл би өөрөө тэр уяач, эзэнтэй нь уулзаж, тохиролцдог. Энд уяач бүр адуугаа маллах том хашаатай. Миний ажилладаг хүний хашаанд одоогоор 70 гаруй адуу байна. Зарим нь байнга уралддаг бол бусад нь ирээдүйд шандсаа сорино. Монголоор яривал уяа сойлгыг нь эртнээс тааруулж байна гэсэн үг. Үүнийг надтай 10-аад жокей унаж, тааруулдаг. Бид 06:00 цагт ажлаа эхлүүлж, тус бүр 6-7 морины ажил хийдэг.

-Наана чинь таниас өөр Монгол хүн ажилладаг уу?

-Үгүй. Ер нь би энэ хотод Монгол хүнтэй бараг таарч байгаагүй. Цөөхөн байдаг юм шиг байна билээ. Тэгээд ч надад гадуур зугаалах зав хомс. Би сургуульд анх орохдоо Берлинд амьдардаг байсан. Тэгэхэд Монголчууд харьцангуй олон байсан. Дюссельдорфод ирсэн шалтгаан бол бусад хот, улс руу явж, уралдаанд оролцоход ойрхон байсных юм.  

-Аль нэг хот, улсад очиж уралдахдаа та нар морио онгоц, машинаар ачиж явдаг уу?

-Машинд ачиж явдаг. Тухайн уралдаан болохоос өмнөх өдөр очсон байх ёстой. Харин би суудлын машинаар уралдаан болох өдөр нь очиж уралдаад буцдаг.

-Дюссельдорфод морины дуудлага худалдаа хэр их болдог вэ?

-Маш их болдог. Хамгийн их болдог үе нь тав, долоо, найм, аравдугаар сар. Угшил сайтай адуу бол бүр их үнэтэй. Гэхдээ угшил нь тодорхойгүй ч хурдны шинж бүрдсэн хүлгийг морь шинжиж мэддэг хүмүүс таньж авч, олон уралдаанд түрүүлүүлэх тохиолдол бий. Хоёр жилийн өмнө Монголоос нэлээн баян ах ирж надаас “Дуудлага худалдаа нь хаана болдог бэ. Заагаад өгөөч” гээд дагуулж явсан. Би түүний зургийг дараа нь хүнд харуулж, хэн гэдгийг нь асуухад “Ажнай” корпорацийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ байна гэж хэлсэн. Хамт авахуулсан зураг одоо ч надад байгаа. Тэр хүн одоо Хонгконгийн морин тойруулгын уралдаанд морио уралдуулдаг гэсэн.

   

-Олон жил өдөр бүр морь унах хэцүү санагддаг уу?

-Үгүй ээ. Миний дурласан ажил энэ юм чинь. Харин уяачид нь эзнээ алдахгүйг хичээж ажиллах нь хэцүү харагддаг. Хэн нэгэн том даргын морийг уядаг уяач морийг нь санасанд нь хүртэл уяж чадахгүй бол “Чи миний морийг уяж чадахгүй юм байна. Тиймээс би өөр уяачаар уяуллаа” гээд явах тохиолдол бий. Тиймээс би унадаг мориныхоо уяачтай зарим үед зөвлөлддөг. Би тухайн морийг унаж байхдаа ямар ажил хийвэл зохих, ямар үед улам хурдлуулах вэ гэдгийг сайн ажигладаг болохоор “Одоо ингэвэл дээр. Тэгвэл сайн” гэх мэт хэлдэг.  

-Германчууд Монгол морь, уралдааны талаар ямар бодолтой байдаг вэ?

-Морь уядаг хүмүүс нь л өнгөцхөн мэддэг. Бүр их мэдэхийг хүсвэл интернэтээр хүртэл харж болно шүү дээ. Тэд “Жижиг биетэй мориор дэндүү хол зайнд уралдах юм аа” гэдэг. Надаас лавлаж асуухад нь өчүүхэн мэддэг зүйлээсээ л хуваалцдаг. Яг үнэндээ би одоо Монголын нийгэмд юу болж байгааг, залуучуудынх нь боловсрол, ажил хөдөлмөр хэрхэн сэргэснийг мэдэхгүй. Ахтайгаа холбогдохоороо ихэвчлэн хувийн чанартай юм ярьсаар байгаад өнгөрдөг.  

-Та цаашид ч наанаа амьдрахаар шийдсэн үү?

-Иргэншлээ албан ёсоор солиогүй ч бараг эндэхийн иргэн болчихсон шүү дээ. Морь унаад л, уралдаад л явж байх сайхан байдаг. Гэхдээ надад уралдахаа болих хугацаа хэзээ нэгэн цагт ирж л таарна. Тэр үед уяач болно. Монголдоо очиж амьдарлаа гэхэд надад хийх ажил байхгүй. Нийгэмд нь тохирохоор мэргэжил эзэмшээгүй. Эх орондоо хайртай, санаж явдаг ч би ирээдүйн баталгаагаа энд бөхлөх хэрэгтэй байна. Би Монголдоо хамгийн сүүлд найман жилийн өмнө очсон. Ер нь өвлийн улиралд миний зав арай гайгүй болдог. Гэхдээ өвөл элсний уралдаан болдог бол дулаарахаар зүлгэн дээр уралддаг. Чөлөөт цаг гарвал сагс болон хөлбөмбөг тоглодог доо.  

-Өөртэй чинь хамт ажилладаг жокейнуудын хамгийн өндөр настай нь аль улсын иргэн байна вэ?

-ОХУ-ын нэг ах бий. Тэр 56 настай. Ер нь бидний онцлог нас харгалзахгүй. Хамгийн гол нь биеийн эрүүл мэнд, жин бага байх, хурц хараа шаардлагатай. Бид сар бүр эмчийн үзлэгт орж, уралдаанд оролцох эрхээ авдаг. Хэрвээ эрүүл мэнд муу гэсэн онош гарвал морь унаж уралдахыг хориглоно.  

-Таны биеийн өндөр, жин хэд вэ?

-160 метр өндөр, 50 гаруй кг жинтэй. Гэхдээ би бусад жокей нараас хамгийн бадриун нь. Багадаа хөдөө байж, адуу малтай ойр өссөн болоод ч тэр юм уу, эсвэл Монгол хүний биеийн онцлог нөлөөлсөн байх. Надтай хамт ажилладаг жоке нар их жижиг.

-Уралдаж байхдаа унаж бэртэл авч байсан үе бий юу?

-2015 он миний хувьд муу жил байсан. Учир нь би мориноосоо унаж нуруундаа хөнгөн гэмтэл авч, шагайгаа мулталсан. Бид эрүүл мэндийн даатгалд сар бүр мөнгө төлдөг. Намайг гэртээ өвчтэй гурван сар хэртэй хэвтэхэд даатгалын газраас өдөр бүр 150 орчим евро ирүүлж байсан. Тухайн үед тэр мөнгөөр л амьдарч байгаа юм чинь. Морь унаагүй байсан болохоор цалин байхгүй.  

 -Та гэр бүлтэй юу?

-Герман бүсгүйтэй үерхэж байгаа. Морь ч их сонирхдог. Би энд өөрийн гэсэн нэг хар морьтой. Уг нь уралдуулдаг байлаа. Нэг удаа түрүүлсэн. Гэтэл найз бүсгүй маань энэ морийг “Бэртэл авчихна” гээд хориглосон болохоор би ойр зуур л унадаг болсон. Бид найман жил үерхэж байна. Цаашдаа гэр бүл болно.

Тэрбээр хайртай хар морьтойгоо түрүүлэн барианд орж буй нь.   

-Гэр бүлийнхэн тань одоо хаана амьдардаг вэ?

-Аав, ээж хоёр маань гэр бүлээ цуцлуулсан. Аав одоо Улаанбаатарт амьдардаг. Би аавтайгаа нэг их холбоотой биш ээ. Тэнд ах маань ч байгаа. Аав маань эхнэртэйгээ нэг ресторан байгуулснаас гадна Герман пиво худалдаалдаг. Харин ээж, дүү хоёр Берлинд амьдардаг.

-Та наанаа байр түрээсэлдэг үү эсвэл өөрийн гэсэн орон сууцтай юу?

-Өөрийн гэсэн гэртэй. Мөн "Vw Golf 7" нэртэй машинтай. Гэхдээ надад машинтай салхи татуулах давхихаас морь унах нь илүү гоё байдаг. 

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Баярсайхан: Машинтай салхи татуулан давхихаас илүү морь унах нь гоё   
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Eej in [127.0.0.xxx] 2020-02-14 15:25
Tand bolood tanai hamt olond eejiin huvaas Bayarlalaa! Mini Huugiin tuhai iim Saihan niitlel garagsan

Бидэнтэй нэгдээрэй