Шууд Chart

Дэд сайд С.Мөнгөнчимэг НҮБ-ын нийгмийн хөгжлийн хорооны 58 дугаар чуулганд оролцлоо

2020-02-18 12:20:57

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг энэ сарын 10-19-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Нийгмийн хөгжлийн хорооны 58 дугаар чуулганд оролцлоо.

НҮБ-ын гишүүн дэлхийн 86 орон, олон улсын томоохон 35 байгууллагын өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцсон уг чуулганаар эмзэг бүлгийн иргэдийн амьдралын чанар, амьдрах орчин болон нийгмийн хамгааллын асуудлуудыг голлон хэлэлцэв.

Дэд сайд С.Мөнгөнчимэг чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсын Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тэдний нийгмийн хамгааллын баталгааг хангах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ нийгмийн хамгаалал, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг дурдаад 1995 онд Нийгмийн халамжийн тухай багц хуулийг баталснаар иргэдэд халамжийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн үндэс тавигдсан бөгөөд уг хуулийн дагуу нийт 72 төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээг иргэддээ үзүүлж буйг товч танилцуулсан.  

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн хорооны 58 дугаар чуулганд оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нь эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгаалал болон амьдрах орчныг  сайжруулах нэг хэрэгсэл гэдгийг санал нэгтэйгээр зөвшөөрч байсан юм.  

Энэ удаагийн чуулганыг Нийгмийн хөгжлийн асуудлаарх Копенгагений тунхаглалын 25 жилийн ой болон НҮБ-ын Нийгмийн хөгжлийн хороо байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байлаа.

Эх сурвалж: ХНХЯ


Дэд сайд С.Мөнгөнчимэг НҮБ-ын нийгмийн хөгжлийн хорооны 58 дугаар чуулганд оролцлоо  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй