Шууд Chart

Монгол хэлбичиг- Эх хэлний дархлаа

2020-02-21 14:26:48

-Монгол хэл, бичгийн шалгалтыг хэзээнээс авч эхэлсэн бэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг 2013 оны хоёрдугаар сарын 02-ны Засгийн газын 33 дугаар тоот тогтоолын дагуу анх 2014 онд туршилт байдлаар зохион байгуулсан. Шалгалтын агуулгыг Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч тогтоосон ба хүүхдийн уншаад ойлгох чадвар, зөв бичгийн дүрмийн мэдлэг, монгол бичгээр унших болон хөрвүүлэн бичих чадвар, өөрийгөө илэрхийлэх буюу зохион бичих чадвар нь ямар байгааг хэмжихээр тогтоосон. Ингээд 2015 онд босго оноо 400 байхаар тогтож, тус шалгалтыг гурав болон дөрөвдүгээр сард зохион байгуулж байсан бол 2016, 2017, 2018 онуудад босго оноогүй зохион байгуулсан. 2019 оноос дахин босго оноотой болж байна. Босго оноотой болсон учраас шалгалтыг эрт авч байна. Өөрөөр хэлбэл Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо болох 400 оноог давсан тохиолдолд хүүхдүүд их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болж байгаа юм. Иймээс Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн шалгалтаас тусад нь зохион байгуулах зүй ёсны шаардлага үүссэн. Энэ шалгалтаар босго онооны болзлоо хангаж чадаагүй хүүхдүүд болон эхний зарласан хугацаанд хүндэтгэх шалтгааны улмаас эхний шалгалтадаа хамрагдаж чадаагүй хүүхэд дөрөвдүгээр сарын 20-нд шалгалтад дахин орох боломж олгож байгаа учраас хоёр удаа зохион байгуулагдаж байгаа юм.

-Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтын гол онцлогийн талаар ярьж өгөөч? 

-Энэ жилийн шалгалтын гол онцлог нь Монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноотой болгосон явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шалгуулагч бүр энэ шалгалтыг заавал өгнө. Шалгалтад 400 оноо авч байж их дээд сургуульд элсэх эрхтэй болно гэсэн үг. 400-гаас доош оноо авсан шалгуулагч ЭЕШ өгөх эрхтэй ч их дээд сургуульд элсэх эрхгүй гэсэн үг. Ирэх жил Монгол хэл, бичгийн шалгалтын оноогоо ахиулж байж их дээд сургуульд элсэж болно.

-Босго оноо тогтоох нь эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд бодитоор нөлөөлнө гэсэн тооцоо судалгаа бий юу?

-Энэ шалгалтад 2015 онд босго оноотой байхад хүүхдүүд, багш нар, эцэг эх ч хэлний боловсролд хандах хандлага сайжирч, сурлагын амжилт өсч байсан. 2015-2017 онд жил дараалан хүүхдүүдийн эх зохиож, найруулан бичих чадвар жигд өсч байсан. Мөн 2015 онд монгол бичгийн чадвар 60 хувь байсан бол 2016 онд 66 хувь болж өссөн. Харин 2016 оноос тус шалгалт босго оноогүй болсны дараа монгол бичгийг хөрвүүлэх чадвар 50 орчим хувь болж буурсан. Ингээд 2018 онд энэ чадвар 22 хувь болж улам багассан. Тэгэхээр босго оноотой байх үед 66 хувь байснаа босго оноогүй болсноор 22 хувь болж буурч байгаа нь орчин, ном сурах бичиг, багшийн ур чадвартай огт хамааралгүй байна. Ямар нэг хөшүүрэг байсны үндсэн дээр хүүхдүүд хичээлдээ анхаарч, багш нар хичээлээ илүү үр дүнтэй зааж, эцэг эхчүүд ч шахаж шаардаж байгаа нь харагдаж байна. Энэ шалгалтыг тогтмол явуулах нь зүйтэй эсэх талаар санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын ихэнх нь энэ шалгалтыг тогтмол явуулах хэрэгтэй, босго оноотой байлгах хэрэгтэй гэж хариулсан байдаг бөгөөд монгол хэлний зарим судлаач, багш нар босго оноог өндөрсгөх хэрэгтэй гэж үздэг. Өнөө цагт цахим хэрэглээ их болсонтой холбоотойгоор залуусын эх хэлнийхээ дүрмийг баримтлахгүй, зөв бичих, найруулга зүйн алдаа их гаргах болсон өнөө цагт харин ч цаг үеэ олсон ажил болж байгаа юм. Энэ ажлыг шалгалт гэж харахаас илүү эх хэлнийхээ дархлааг сайжруулахад оруулж байгаа хувь нэмэр, оролцоо гэж харах нь зүйтэй. Монгол улсын Засгийн газраас 2025 он гэхэд хос бичигтэй болох хөтөлбөр зарласан. Төрийн албаны бүх үйл ажиллагаа монгол бичиг дээр бичигдэхээр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин өнөөдөр бэлтгэгдэж байна. Тэгтэл энэ хүүхдүүд монгол бичгээрээ бичих нь байтугай хөрвүүлэх чадваргүй байж болохгүй.

-Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил 2 удаа зохион байгуулж байгаагийн учир юу вэ?

-Босго оноотой болсон учраас гуравдугаар сард эрт шалгалтыг авч байна. Өөрөөр хэлбэл Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо болох 400 оноог давсан тохиолдолд хүүхдүүд их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болж байгаа юм. Иймээс Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн шалгалтаас тусад нь зохион байгуулах зүй ёсны шаардлага үүссэн. Энэ шалгалтаар босго онооны болзлоо хангаж чадаагүй болон эхний зарласан хугацаанд хүндэтгэх шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд дахин нэг боломж олгож байна гэж ойлгож болно.

-Энэ шалгалтыг 6 жил зохион байгуулаад сурагчдын шалгалтын материалыг шалгаж байхад суралцагчид юун дээр хамгийн их алдаа гаргадаг вэ. Шалгуулагчид юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг вэ. Зөвлөгөө өгнө үү?

-Мөн эхийн уялдаа холбоо ба эхийн бүтцийг алдагдуулан бичих тохиолдол цөөнгүй байдаг. Шалгуулагчид үгийн тоог хэтрүүлэн бичих буюу илт дутуу бичиж оноогоо алддаг. Мөн зөв бичих дүрмийн алдаа их гаргадаг. Найруулга зүйн хувьд шаардлага хангахгүй, хар ярианы үгээр бичих, мөн ярьж байгаа юм шиг бичих, мэссэж бичиж байгаа юм шиг бичих тохиолдлууд их байдаг. Мөн босго оноогүй байсны улмаас зарим нэгэн даалгаврыг огт хийхгүй өгөх хандлагууд түгээмэл гардаг байсан. Энэ жил босго оноотой учраас ийм байдал арилах байх гэж найдаж байна. Бид дараах 4 агуулгаар шалгалтаа авдаг. Үүнийг дор товч дүгнэн хэлвэл:

Уншаад ойлгох чадвар

• Эхийг уншаад ойлгох чадварыг сорихдоо 700-800 үгтэй бүрэн хэмжээний эхийг уншаад танил ба танил бус үгийн утгыг эхийн хам бүтцээс олж тайлбарлах, зохиолын өгүүлэгдэхүүнийг бүтцээр задалж, үйл явдлын орчин, дүрийн зан төрх, бодол санаа, үйл хөдлөл, үг яриаг анхааран унших замаар зохиолын агуулгыг нарийвчлан ойлгож, сэдэв гол санааг тодорхойлон, үзэл бодлоо илэрхийлж чадаж байгаа эсэхийг сорьдог. Энэ чадварыг шалгуулагчид хангалттай сайн эзэмшсэн байдаг.

Зөв бичих чадвар

• Кирил бичгийн зөв бичгийн дүрмийн холбогдол бүхий даалгаврын гүйцэтгэл жил бүр өссөн үзүүлэлттэй байна.

Монгол бичгийн чадвар

• Монгол бичгээр бичсэн бичил эхийг кирил бичигт хөрвүүлэх даалгаврын гүйцэтгэлд төдийлөн ахиц гарахгүй байгаа нь монгол бичгийн сургалтын цаг, ном , сурах бичгийн хүрэлцээ хүртээмж, хэрэглээний орчинтой холбоотой байж болох юм. Монгол бичгийн даалгаврыг шалгуулагчид сул гүйцэтгэдэг.

Эх зохион найруулах чадвар

• Шалгуулагчдын эх зохион найруулах чадвар илт өссөн байна. Ялангуяа эхийн сэдэв зорилгоос хазайх, бүтэц, агуулгын уялдаа холбоог алдагдуулах нь түгээмэл байсан бол 2017 онд зохион байгуулсан шалгалтаар уг алдаа илтэд багассаныг тэмдэглэж байна.

-Гадаадад олон жил амьдарсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд энэ шийдвэрт гомдолтой хандаж байх шиг байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Энэ шалгалтын агуулга нь ямар нэг хөтөлбөрт суурилсан шалгалт биш. Өөрөөр хэлбэл бүрэн дунд боловсролын монгол хэлний хичээлийн хөтөлбөрөөр ийм ийм чадвар эзэмшсэн байна гэдэг бол тусгайлан хичээллэсэн хүүхдэд хамааралтай гэсэн үг. Харин энэ Монгол хэл, бичгийн шалгалтын агуулга нь Монгол хүн бүрийн мэдэж байвал зохих зүйлийн тухай ярьж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл ЕБС төгсөж байгаа хүүхэд ойролцоогоор 600-700 үгтэй эх зохиол уншаад түүнийг хэрхэн ойлгосноо илэрхийлж чадах, ойролцоогоор 40-50 үгтэй бичлэг дотроос түгээмэл хэрэглэгддэг зөв бичгийн дүрмийн алдааг олж илрүүлээд түүнийг зөв болгон бичих, монгол бичгээр хөрвүүлэх болон өөрийн үзэл бодол, саналыг зохион бичлэг болгон бичих чадварыг сорьж байгаа нь монгол хүн бүрт байх наад захын чадвар байх ёстой. Ийм учраас энэ тал дээр нэг их санал гомдол гарахгүй байх гэж бодож байна. Монгол хүн бүр эх хэлээ мэддэг, дээдэлдэг байх учиртай.

БҮТ-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан
мэргэжилтэн Д.Энхжаргал


Монгол хэлбичиг- Эх хэлний дархлаа  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй