Шууд Chart

“COVID-19”-ийн талаарх мэдээллийг түгээхэд "Фэйсбүүк" компанитай хамтран ажиллаж байна

2020-03-28 09:18:45

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний эргэн тойрон дахь мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь шуурхай хүргэж байгаа билээ. Уг халдварт өвчлөлийн талаарх нийт ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй түгээхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд "Фэйсбүүк" компани Монгол Улсад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, тус компани Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйж хуудсаар ( www.facebook.com/www.mohs.mn ) дамжих “COVID-19” халдварт өвчлөлийн талаарх цаг үеийн болон бусад төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг нэгэн зэрэг илүү олон хүнд хүртээмжтэй хүргэхэд хамтарч ажиллаж байна.

Онцгой энэ нөхцөл байдлын үед Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын ажилтнууд "Фэйсбүүк" компанийн холбогдох нэгжтэй шуурхай холбогдон ажилласнаар иргэд өвчлөлийн талаарх шинэ мэдээллийг баттай эх сурвалжаас цаг тухайд нь шуурхай хүлээн авахаас гадна коронавирусний халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, буруу ташаа мэдээлэлд автан сандрал, эмх замбараагүй байдалд орохгүй байх зэрэгт өндөр ач холбогдолтой юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ "Фэйсбүүк" компани нь Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгааг бид бүхэн талархан хүлээн авч байна. Иргэд олон нийтийн нийгмийн сүлжээн дэх мэдлэг сайжирснаар, цахим орчинд илүү боловсон, соёлтой оролцдог болсноор дэлхий нийтээрээ нүүр тулж буй аймшигт вирусний талаар үнэн зөв ойлголттой болж чадна” гэжээ.

Монгол Улсын засгийн газар цаашид "Фэйсбүүк" компанитай нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх, тэр дундаа коронавирусний талаарх олон нийтийг эрсдэлд оруулж болох буруу ташаа нийтлэлийг устгах чиглэлд хамтран ажиллах юм.

"Фэйсбүүк" компанийн гүйцэтгэх үүрэг Монголд төдийгүй дэлхий нийтэд хэзээ хэзээнийхээс илүү хэрэгтэй цаг үе ирээд байгааг онцлох нь зүйтэй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


“COVID-19”-ийн талаарх мэдээллийг түгээхэд "Фэйсбүүк" компанитай хамтран ажиллаж байна  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй