Шууд Chart

Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлжээ

2020-04-02 13:34:56

Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллалаа. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана” хэмээн ярилаа.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна.  Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулья. Мөн гэр доторх агаарын сэлгэлтээ сайн хийж, дархлаагаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.


Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлжээ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй