Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хороо цахим үйлчилгээнд шилжлээ

2020-04-06 16:05:39

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Дижитал шилжилт” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах бодлого, стратегийг боловсруулж, шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Санхүүгийн зохицуулах хороо энэ ажилд өндөр ач холбогдол өгч, манлайлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэд үйлчлүүлэгчдэд шуурхай хүргэх, үйлчилгээний ил тод байдлыг хангах, улмаар төрийн үйлчилгээн дэх хүнд суртлыг арилгах, төвлөрлийг сааруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх  зорилгоор цахимаар өргөдөл, гомдол хүлээн авах болон “Зөвшөөрлийн цахим систем”-ийг нэвтрүүллээ.

Эдгээр системүүдээр иргэн, хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд онлайн хэлбэрээр санхүүгийн байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдол гаргах, тусгай зөвшөөрлийн хүсэлтээ мэдүүлэх, бусад зөвшөөрөл хүсэх, бүртгэл хийлгэх баримт бичгээ илгээж шийдвэрлүүлэх боломжтойн зэрэгцээ эдгээр өргөдөл, гомдол, хүсэлтийнхээ хяналтын шатны үйл явцыг хянах боломжтой юм.

Энэхүү системүүд нь өнөөдөр нийгэмд тулгараад буй шинэ төрлийн коронавируст (Covid-19) цар тахлын тархалттай холбоотойгоор үүсээд буй хорио цээрийн дэглэмийн үед ач холбогдолтой ажил боллоо.

Мөн цаг үеийн хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан болон бусад уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.

“Зөвшөөрлийн цахим систем”-ийг нэвтрүүлснээр тус Хорооны зохицуулалтад хамаарах бүхий л этгээд системд бүрэн хамрагдан бүх төрлийн зөвшөөрөл авах хүсэлтээ цахимаар ирүүлж, шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд мөн Хорооны зохицуулалтад шинээр нэмэгдсэн үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийг олгох хэсгийг системд нэмж байршуулж, хүсэлтийг хүлээн авч эхлээд байна.

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх этгээд нь “Зөвшөөрлийн цахим систем”-д/https://license.frc.mn/home/ хандан хэрэглэгчийн эрх шинээр авч үйлчлүүлэх бөгөөд энэхүү систем нь ашиглахад хялбар, тусгай зөвшөөрөл хүссэн холбогдох баримт, материалыг өндөр нууцлалтай тоон гарын үсгээр баталгаажуулан хүлээн авдгаараа онцлог юм.

Өргөдөл, гомдол гаргах, шинээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүсэгч этгээдээс болон зохицуулалтын байгууллагуудаас хүлээн авах хүсэлтүүдтэй холбоотой техникийн болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 263425, 70117097 дугаарын утсаар тус тус лавлаж тодруулна уу гэж Санхүүгийн Зохицуулах хорооны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Санхүүгийн зохицуулах хороо цахим үйлчилгээнд шилжлээ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй