Шууд Chart

Монгол Улсад 3000 ширхэг оношилгооны төхөөрөмж хандивлав

2020-04-06 16:47:49

Шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм. Бүгд Найрамдах Сингапур Улсын судалгаа, шинжилгээний А*СТАР агентлагийн шинжээчид Fortitude 2.0 багц тестийг зохион бүтээж, улмаар тус улсын эмнэлэгүүдэд нэвтрүүлжээ.

Энэхүү оношилгооны 3000 тестийг Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас Монгол Улсад хандивласныг 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид ийнхүү хүлээн авчээ. Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн багц тест нь сорьцыг хийх урьдчилан бэлтгэсэн тусгай урвалж бүхий хуруу шил болон сорьц авах бусад багажаас бүрдэнэ. Хуруу шилийг зориулалтын төхөөрөмжид байршуулснаар тестийн хариуг гаргана. Энэхүү тестийн давуу тал нь цаг хугацаа хэмнэх хэмээн үзэж байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсын ийнхүү хандив нь Монгол Улсын "COVID-19" халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт ач холбогдолтой гэж Эрүүл мэндийн яамнаас сайшаан тэмдэглэв. Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Ийнхүү хоёр улсын хоорондын найрсаг дотно харилцааны нэг илрэл бүхий үйл явдал болов.


Монгол Улсад 3000 ширхэг оношилгооны төхөөрөмж хандивлав   
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй