Шууд Chart

“Малчдын хөдөлмөрийг үнэлж, тэтгэврийн насыг наашлуулсан төр засагтаа баярлалаа”

2020-05-22 13:53:12

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж .

Тодруулбал, 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй, 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болсон юм.

Малчид жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, ган зуд, салхи шуургыг малынхаа тоо толгойг хорогдуулчихгүйхэн шиг давахын зэрэгцээ хөдөлмөрийнхөө үр шимийг хээрийн боохой, сүүлгүй чоно(малын хулгайч нар)-оос хамгаалах зэрэг хэцүү нөхцөлд, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бүрд сум 600 гаруй малчин өрхийн 350 мянга гаруй малтай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тус сумын 40 гаруй малчин эрт тэтгэвэрт гарчээ.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Ч.Батжаргал

Энэ талаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Ч.Батжаргал: “Хуучин хуулиар манай эхнэр 55 настай өндөр насны тэтгэвэр тогтоолгох байсан. Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр энэ жил тэтгэвэр тогтоолгосон. Манайх мянгат биш 100, 200 малтай. Бидэнд зах зээл, нийгмийн амьдрал хүндхэн тусдаг. Малчдын ажил хөдөлмөрийг үнэлээд тэтгэврийн насыг наашлуулж, амьдралд тус болж байгаа төр засагтаа баярлалаа. Миний хувьд 60 настай тэтгэвэрт гарсан хүн. Малчин бид нарт таван жил гэдэг их хугацаа. Тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсанд монголын бүх малчид баяртай байгаа байх. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоод сардаа дор хаяж, таван шуудай гурилын мөнгө авчихаж байна. Мах, гурилтайгаа байхад монгол хүн өлсөхгүй биз дээ” гэлээ.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Б.Оюунцэцэг

Мөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Б.Оюунцэцэг: “Би 1985 онд аравдугаар ангиа төгссөнөөсөө хойш 35 жил мал маллаж байна. Малчдад амралтын өдөр, амралтаа авна гэсэн ойлголт байхгүй. Төр малчдын хөдөлмөрийг үнэлж, тэтгэврийн насыг таван жилээр наашлууллаа. Засаг төрөөс малчиддаа зориулж том арга хэмжээ авч, дэмжлэг тус үзүүлж байна гээд малчин түмэн их л баяртай байгаа” гэв.

Мөн  малчид орон нутагт “А” данстай малаа маллаж байсан ч гэлээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй орхигдуулснаас үүдэн тэтгэвэр тогтоолгож чаддаггүй байж. Тэгвэл Нөхөн даатгалын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1995-2019 онд малчнаар ажилласан буюу “А” данстай байсан хугацаа, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан буюу татвар төлсөн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдсэн. Ийн  тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тасалдуулсан малчид ч тэтгэврээ тогтоолгосон байна.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Малчдын хөдөлмөрийг үнэлж, тэтгэврийн насыг наашлуулсан төр засагтаа баярлалаа”  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй