Шууд Chart

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг хойшлуулав

2020-05-29 12:32:40

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Энэ тогтоолын дагуу “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг эх үрсийн баярыг угтан зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч КОВИД-19 халдварт цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг энэ жилийн хувьд зохион байгуулахгүй, харин ирэх жил өргөтгөн зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Өмнөх жилд Эх үрсийн баярыг угтан Эх оронч худалдан авалтыг дэмжих жилийн хүрээнд “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монголын Хүүхдийн Ордны хүүхдүүд Төрийн дууллаар эхлүүлсэн. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн нар индэрт байлцсан.
“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах ажлыг ХХААХҮЯ-наас томилсон ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд шагналыг 6 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Эх үрсийн баярын арга хэмжээний үеэр гардуулсан. Үүнд:

1. Гран при шагнал;
“Хос аз” ХХК-ийн хүүхдийн гутал

2. “Хүүхдэд зориулав” экспортын шилдэг бүтээгдэхүүн;
“Анартекс” ХХК-ийн хүүхдийн хавар, намрын хүрэм

3. “Хүүхдэд зориулав” импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн;
“Монкрем” ХХК-ийн “Маалай” хүүхдийн шампунь

4. “Хүүхдэд зориулав” шинэлэг бүтээгдэхүүн.
“Хаш хүнс” ХХК-ийн “Ээжийн дуртай” элэгний нухаш


“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг хойшлуулав  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй