Шууд Chart

Б.Сонинчимэг: МҮОНР энэ сарын 10-15-ныг дуустал тав хоногийн тусгай хөтөлбөр хүргэнэ

2020-07-08 15:45:02

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ жилийн баяр наадам дэлхий дахинд “COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор үзэгчгүй зохион байгуулагдана гэдгээрээ онцлог. Тэгвэл

-Энэ өдрийн мэнд хүргэе. МҮОНР Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг шууд дамжуулахаас гадна наадамчдад ямар нэвтрүүлэг, контентууд өргөн барих вэ?

-Монголын радио уламжлал ёсоороо долоодугаар сарын 10-нд Төрийн хүндэтгэлийн концерт, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг 11, 12-нд шууд дамжуулна. Үүнээс гадна энэ сарын 10-15-ныг дуустал тав хоногийн тусгай хөтөлбөр бэлтгэсэн. Энэ жилийн баяр наадмын хөтөлбөрийн онцлог нь Үндэсний их баяр наадмын үүх түүхтэй холбоотой цуврал нэвтрүүлгүүд хүрч байгаа. Мөн сүүлийн жилүүдэд долоодугаар сарын 10-ны өдөр “Дээлтэй Монгол” наадам зохион байгуулагдсан. Хэдий хөл хорионы дэглэмээс үүдэн тус наадам, өдөрлөг энэ жил зохиогдохгүй ч гэлээ МҮОНР-ийн баярын хөтөлбөрт үндэсний хувцас, Төрийн далбааны үүх түүхтэй холбоотой тусгай нэвтрүүлгийг бэлтгэсэн. Энэ жил Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2229 жилийн ой тохиож байгаа. Уг өндөр ойд зориулан архилеогийн хуучны болон шинэ олдворт түшиглэн, түүхчдийг оролцуулсан “Хүннү соёл” хоёр цуврал нэвтрүүлэг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан.

Үүнээс гадна Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй ховор нандин үзмэрүүдийн тухай нэвтрүүлэг бэлтгэсэн байгаа. Тухайлбал, Богдын хаш тамга, манай улсын анхны мөнгөн тэмдэгт зэрэг ховор, цор ганц үзмэрийн тухай зэрэг нэвтрүүлэг хүрнэ. Мөн Монголын радиогийн нэрт сэтгүүлчид, уран бүтээлчдийн бэлтгэн хүргэх эх орны үнэ цэнийг сануулах, эх орны тухай цуврал нийтлэлүүдийг баяр наадмын өдрөөр сонсогчиддоо өргөн барина. Сонсогчдын хүсэн хүлээдэг “Мэндийн цэнхэр хадаг” ая дууны мэндчилгээ баяр наадмын өдрийн хөтөлбөрт багтсан. Сонсогчид баяр наадмын өдрүүдээр манай эфирийн 305022 дугаарт холбогдон хайртай дотны хүмүүстээ, хол суугаа амраг садан, найз нөхөддөө Үндэсний их баяр наадмын ая дууны мэндчилгээ хүргэх юм.

МҮОНР Монгол Улсын 21 аймагт сурвалжлагчтай. Баяр наадмын өдрөөр аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудын тухай “Аялгуут сайхан эх орон минь” цуврал нэвтрүүлгийг сонсогчиддоо өргөн барина.

-Хөл хорионоос шалтгаалан МҮОНР-ийн баяр наадмын хөтөлбөрт өөрчлөлт орсон уу?

-Өмнө нь Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт маш олон зочин студид уригддаг, шууд ярилцлагад ордог байсан. Энэ жилийн нэвтрүүлгүүдэд тодорхой тооны зочин оролцоно. Мөн эх орноосоо алс хол ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай холбогдож, онлайнаар ярилцана. Энэ хэрээр Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цахим сурвалжилга, ярилцлага түлхүү нэмэгдэж орж байгаа.

-МҮОНР-ийн бусад сувгууд баяр наадмын ямар тусгай хөтөлбөр, контентууд сонсогчдод хүргэх вэ?

-МҮОНР-ийн хоёрдугаар суваг “P3” радиогоор энэ сарын 11, 12-нд баяр наадмын хөтөлбөр дамжуулахаас гадна залууст зориулсан цэнгээнт контентуудыг хүргэнэ. Мөн Монгол Улсаа гадаадад сурталчилдаг “Монголын дуу хоолой” сувгаар өмнө Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг англи хэлээр гадаадын сонсогчдод дамжуулж байсан. Харин долоодугаар сарын 11-нд энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг монгол, англи, хятад, орос, япон таван хэлээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Гадны улс орнуудад цацагддаг энэ радио долгионоороо Үндэсний их баяр наадмын нээлтээ гадны сонсогчдод тухайн орных нь хэлээр “үзүүлнэ”. Мөн Монгол наадамтай холбоотой гадны сонсогчдын сонирхсон, асуусан асуултуудад хариулсан нэвтрүүлгийг таван хэлээр хилээр чанадад хүргэнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Сонинчимэг: МҮОНР энэ сарын 10-15-ныг дуустал тав хоногийн тусгай хөтөлбөр хүргэнэ  
Үзсэн: 1877 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй