Шууд Chart

XX зууны үеийн энхрий хүүхдийн дээл

2020-07-30 10:35:29

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байна. Энэ удаа XX зууны үед холбогдох "Энхрий хүүхдийн дээл" үзмэрийг уншигч танаа толилуулья.

Материал: Торго, зэс, төмөр, үнэгний арьс

Хэмжээ: Урт 36см х 39см

Холбогдох он цаг: XX зуун

Монголчууд эртнээс үр хүүхэд тогтохгүй байх болон өвчин ороомтгой үед хүүхдийнхээ хүйсийг нь нууж хувцаслах, олон нөхөөст ба буруу энгэртэй дээл хувцас хийж өмсгөдөг уламжлалтай байжээ.

Эцэг эх нь хүүхдээ төрөхөд нь ламаас тусгайлан нэр залах, гурван жил айлд оруулахгүй байх, эсрэг хүйсний болон буруу энгэртэй баривч, дээл, хантаазыг өнгө өнгийн торго өөдсөөр дөрвөлжлөн зүйж хийж өмсүүлэх, цоохор дээл, лам дээл, түүнчлэн түнтгэр мөртэй "халх эхнэр дээл" зэргийг зориуд хийж, өмсгөж байсан нь энхрий хүүхдийн нас, хүйсийг муу бүхнээс төөрөлдүүлдэг дом, сүсэг бишрэлийн агуулгатай ажээ.

Уг үзмэрийн хувьд дээлний энгэрээс гуулин мэлхий хонх, нум, зоос, үнэгний хоншоор зэргийг хэлхэж зүүжээ.

Энэхүү үзмэр нь Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

XX зууны үеийн энхрий хүүхдийн дээл  
Үзсэн: 1491 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй