Шууд Chart

Монголын анхны манлай уяачдын нэг Сампилын Гэсэрваань

2020-09-15 11:09:54

Бурхан буудайн хүү Монголын анхны манлай уяачдын нэг Сампилын Гэсэрваань 1924 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутагт айлын хоёрдугаар хүү болон мэндэлжээ.

Түүний бага нас малч удмын Монгол хөвгүүдийн нэгэн адил өнгөрч, 1945 онд эр цэргийн албанаа татагдан одон тэмдэгт тусгай хорооны байлдагч болсон байна.

Сургуулийн сурагчаас эхлээд том багагүй арьсны /тарвага, зурам/ норм биелүүлдэг байсан цагт ангийн тарваганы арьсны норм биелүүлэх анч цэргийг тодруулахад буу барьж үзээгүй шахам С.Гэсэрваань өөрийн мэдэлгүй “би” хэмээн дуугарчихсан байсан гэдэг.

Энэ тухайгаа хожим “Миний хувь заяа л байх. Түүндээ хөтлөгдөөд л Эрдэнэд ирсэн дээ” хэмээн дурсдаг байжээ.

Үүрэг хүлээсэн цэрэг эр арга сүвэгчилж эрж сурсаар нутагтаа анчаараа алдаршсан Нанзадынхыг олж танилцан орж гарах болж, улмаар тэдний охин Дариймаад сэтгэл алдарсан байдаг. Ингээд албаа хаасны дараа Алтай нутгаа зорьсонгүй Эрдэнэ сумнаа суурьшиж гал голомтоо бадраажээ.

Монголын хурдан морины түүхэн дэх тод оддын нэг Сампилын Гэсэрваанийн уяачийн түүх чухам эндээс эхэлдэг.

“Анхны алтан медальт их хүрэн 1958 он”. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат хөх хэмээх Манал цэргийн алба хаагаад нутаг буцах болж. Хөл дүүжлэх унаагүй тул Эрдэнэ суманд ирж эрж сурсаар Харзтайн сэрүүн булгаар нутагтай халзан хэмээх Батынд ирлээ. Энэ хүн бол адуу мал олонтой, нутагтаа чинээлэгт тооцогдох нэгэн.

Чухам тиймийн учир Манал эрж сурсаар эднийд ирж “Хөл дүүжлэх унаа хайрла. Таныг л тус болно хэмээн улс хэллээ” хэмээж. Өөрийн гэх үр хүүхэдгүй, гэргийтэйгээ хоёулахнаа амьдардаг Бат Монгол хүний сайхан сэтгэлээр холын хүний хэргийг бүтээж эмээл, хазаартай морь өгч хөл залгуулсан байна. Хойтон жилийнх нь зун Манал улсын наадмыг зорихдоо Бат өвгөний эмээл, хазаартай морийг нь хүргэж өгөөд “Ядарч зүдэрч явахад эцэг эхээс минь өөрцгүй сайхан сэтгэлээр тусалсан танд гялайлаа. Дүү нь хурдан адуутай. Улсын наадамд явж байна. Та манай уяан дээр очиж харж байгаад нэг азарган үрээ ав. Надад өөрт ч бодчихсон адуу бий” хэмээгээд уяан дээрээ дагуулан очжээ.

Тэгээд хүрэн зүсмийн соёолон азарган үрээг заасан байна. Маналын зүсэлсэн адуу өвгөний сэтгэлд үл нийцэж “Би ийм хээлтэй байдас шиг юм хүнээс бэлгэнд авахгүй ээ” хэмээн түс тас хэлж, Манал ч “За ах голж байгаа бол яая гэх вэ” хэмээгээд улсын наадмыг зорьжээ. Хүний сайныг ханилж, хүлгийн сайныг унаж таньдагчлан гологдсон хүрэн төрийн наадмын түрүү хүлгээр тодорч. Энэ бол АХ-ын 38 жилийн ой буюу 1959 он юм. Хэзээний сүйхээтэй Бат өвгөн энэ тухай дуулчихаад “Дүүгийн бэлгийг авъя” гэтэл Манал “Би танд бэлгэнд өгөхөд голсон. Одоо бол гурван адуугаар худалдаж ав” хэмээж Бат ч хэлснийг нь өгөөд хүрэн соёолонг өөрийн болгосон байна. Гэхдээ өөрөө морь мал уядаггүй тул Шохой цагаан булгаар нутагтай шар Даваа гэгчид дамжуулан заржээ. Даваа хүрэн азаргыг хэдэн жил уяад хурдыг нь гаргаж чадсангүй. Дээр нь нас өндөр болсон тул моринд элэгтэй хүнд өгчихмөөр байна гэсээр 1964 оны зун Хөөрөгийн Баянбулагт зусч байсан Гэсэрваанийг дуудуулжээ. Адуунд эвтэй, морь уях сонирхолтой түүнийг онцолж дуудаад “Миний бие муу байна. Хүрэн азаргыг чи ав. Авсан үнэ өртгийг чи өөрөө мэдэж байгаа” хэмээж. Нутгийн буурлын хүлээлгэсэн тэр их итгэлийг хөсөрдүүлэх зориг яахан байх билээ. С.Гэсэрваань 1500 төгрөг дээр хазаарын морь өгч хүрэн азаргыг өөрийн болгожээ. Хурдны булаг болсон Их хүрэн эзэндээ ирсэн түүх энэ билээ. Их хүрэн эзэндээ арван настай ирсэн байдаг. 1965 онд уяаны арга барилаа олоогүй юу улсад ирсэнгүй. Дараа жил нь 1966 онд /их үерийн жил/ төрийн наадмыг зорьж түмэн эхээр тодрон, анхны алтан медалиар амгаа юугаа мялаалгажээ. Ийнхүү Их хүрэн азарга долоон жилийн дараа төрийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртэж, дахиад гурван жилийн дараа айргийн таваар хурдалж байсан агаад С.Гэсэрваань манлай амьд сэрүүн ахуйдаа “Их хүрний төл 60 гаруй азарга байдаг” хэмээн ярьж байсны хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь манлайн Дунд хүрэн юм.

“Дуурсах алдартай дунд хүрэн” 1966 онд Их хүрэн улсын наадамд хоёр дахиа түрүүлсэн жил манлайн өмчний ганц гүүнээс эцгийгээ дуурайсан эр хүрэн унага гарсан нь хожмын цуут хурдан хүлэг Дунд хүрэн. Хүрэн азарга даагандаа 1967 онд Ардын хувьсгалын 46 жилийн ойд түрүүлж, 1969 онд хязааландаа аман хүзүүдснээс хойш төр түмний их баяр цэнгэл наадамд дөрвөнтөө айрагдсан байдаг.

1975 онд Ардын хувьсгалын 54 жилийн ойд аман хүзүү, 1976, 1977 онд айргийн тав, 1978 онд айргийн гуравт тус тус хурдалсан Дунд хүрний эх нь хадам аав Нанзадынх нь харималдуухан хүрэн гүү гэдэг билээ.

“Мөлүү хүрэн, хурдан хонгор” Дунд хүрэн мөн л үр төл сайтай азарга байсан гэдэг. Түүний төлүүдээс илүүтэй амжилт нь гаргасан нь улсын наадамд хоёр айрагдсан бага хүрэн буюу Мөлүү хүрэн, нэг айрагдсан хонгор азарга юм. Ардын хувьсгалын 62 жилийн ойд айргийн тав, 66 жилийн ойд айргийн дөрөвт тус тус хурдалж байсан Мөлүү хүрэн азарганы эх нь Эрдэнэ сумын харьяат олноо “Шар” хэмээн алдаршсан Найдангийн адууны хонгор гүү. 1987 онд Ардын хувьсгалын 66 жилийн ойд даагандаа төрийн наадамд айргийн гуравт хурдалж байсан хонгор үрээ Мөлүү хүрний төрсөн дүү /Эцэг эх нэгтэй/.

С.Гэсэрваань морь уяхын зэрэгцээ Эрдэнэ сумын ойн хамгаалагчаар /ойн цагдаа/ ажиллаж байсан агаад анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга байсан ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч, улсын алдарт уяач Буяндэлгэртэй дотно нөхөрлөдөг байжээ.

Дээдсийнхээ буян заяаг түшиж, үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр морь уяах төрийн хэрэгт шимтсэн алдарт амжилтын ам нээхээр хуурай ах С.Гэсэрвааниас төрийн наадамд айрагдсан хонгор үрээг нь авч азарга тавьсныг морь сонирхогчид эчнээ мэдэх бизээ.

“Адуунд бүхнээ зориулж чадсан хүн л уяач болдог” аав хүү гурван хүрэн азаргаар одтой сайхан наадаж Монгол эр хүний, морины эрдэнийн хийморийг өргөсөн тэрээр адуунд үнэн зүрхнээсээ хайртай нэгэн байв. Чухам энэ л чанраараа нутгийн бууралд тоогдон хүрэн азаргаа өөрийн болгож байсан түүнийг Мөнхийн Данзанням, Ганжуурын Сундуй, Дорнойн Сундуй нарын зэрэг тухайн цаг үедээ нэртэй, төртэй явсан уяачид “Жудагтай, онгироо сагсуу зангүй, даруу, хүнлэг. Адууг хүн шиг хайрлаж уяж чаддаг. Тарган торгон ирэн дээр нь уралдуулдаг” хэмээн ил цагаан үнэлдэг байсан гэдэг.

Магтаалд ташуурч сагаагүй эгэл боргил С.Гэсэрваань өөрийн үр хүүхэд, ач зээдээ “Уяач хүн хамгийн гол нь адуунд дуртай байх ёстой. Дургүй хүн бол мянган сайн адуу байгаад ч давхиулж чадахгүй. Дээр нь идэвхи, зүтгэл, эрмэлзэлтэй, хичээнгүй нямбай байх ёстой. Нойр хоолоо хасч бүхнээ адуунд зориулж чадсан хүн л уяач болдог” хэмээн зөвлөдөг байсныг үр хойч нь сахин дээдэлсээр байна.


Монголын анхны манлай уяачдын нэг Сампилын Гэсэрваань  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй