Шууд Chart

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адылбаевыг хүлээн авч уулзав

2020-09-18 17:33:26

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адылбаевыг есдүгээр сарын 18-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Ж.Адылбаев Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ холбоотой манай хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн улс төрийн харилцааг бэхжүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Ж.Адылбаев Монгол, Казахстаны харилцааг бэхжүүлэх чиглэлд цаашид ч ГХЯ-тай нягт хамтран ажиллахаа нотлоод, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Казахстан Улс хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд Монгол Улстай ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгааг тэмдэглэв. Талууд Монгол- Казахстаны Засгийн газар хоорондын комиссыг энэ ондоо багтаан зохион байгуулах чиглэлээр ярилцав.


Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адылбаевыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй