Шууд Chart

Цар тахлаас үүдэн хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдийн тоо 15 хувиар өсчээ

2020-09-19 11:33:24

"COVID-19" цар тахлын уршгаар хүнд нөхцөлд амьдрах болсон хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 15 хувиар өсч 1.2 тэрбумд хүрээд байна. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сан болон "Save the children" олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын хамтарсан тайланд тэмдэглэсэн байгааг хэвлэлүүд дамжуулж байна.

"COVID-19"-ийн цар тахал, халдварт өвчний тархалтыг тогтоон барихад чиглэгдсэн хорио цээрийн дэглэмээс үүдэлтэй эдийн засгийн хямралаас болж 150 сая хүүхэд өнөөдөр ядуу дорой, хүнд нөхцөлд амьдрахад хүрснийг энэ тайланд тэмдэглэсэн байна.

Халдварт энэ вирусээс болж сая сая хүүхэд сурч боловсрох, эрхээ эдэлж чадахгүй байна. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаагаас орон гэр, эрүүл хүнс, ундны усгүй нөхцөлд амьдарч байна. Хүмүүнлэгийн байгууллагуудын дэлхийн 70 гаруй оронд явуулсан судалгааны дүн цар тахлаас болж хүүхэд багачуудын 45 хувь нь ийм боломжуудаа алдсаныг гэрчилж байна.

Тайланг боловсруулагчид эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхээс гадна хүүхдүүдийн амьдралд шууд нөлөөлөх бусад салбарт төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал, эмзэг гэр бүлүүдэд нийгмийн халамж үзүүлэх, ажлын байр шинээр нэмэгдүүлэх нь олон сая өрхийг ядуурлаас гаргах боломжтойг сануулсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш "COVID-19" цар тахлын уршгаар хүмүүнлэгийн хямрал нүүрлэх аюул эрсдэл тулгараад байгааг анхааруулж дэлхий нийтээр эв санаа нэг байхыг уриалж байсан билээ. Мөн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли цар тахлаас болж өлсгөлөнд нэрвэгсдийн тоо асар ихээр нэмэгдэхээр байгааг өнгөрсөн наймдугаар сард анхааруулж байсан юм.

Тэрбээр дэлхийн 83 оронд цар тахлын уршгийг арилгаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад ойрын хагас жилд л гэхэд 5 тэрбум ам.доллар шаардлагатайг мэдэгдсэн. Мөн Латин Америк, Зүүн болон Төв Азийн орнуудад өлсгөлөн, ядуурал  хамгийн ихээр нүүрлэж байгааг анхааруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цар тахлаас үүдэн хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдийн тоо 15 хувиар өсчээ   
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй