Шууд Chart

Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа

2020-09-21 10:02:33

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун доод эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урт хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа  юм.

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС), Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан 350 сая ам.долларын гэрээний төслийн ажил Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжийг ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжид нийлүүлнэ.  Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны санхүүжилтээр гурван багц барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Үүнд:

1. Ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг байгуулах 

2. Дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж барих 

3. Эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах зэрэг багтана.

Төслийн барилгын ажлыг эхлэхээс өмнө тухайн бүсэд байрших 288 мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэдгийг БХБ-ын дэд сайд Э.Золбоо хэллээ. Энэ хүрээнд БОАЖЯ болон Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ажиллах ажлын хэсэг байгууллаа.

Газрын доорх усны Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг хоногт 140 мянган метр куб жилд 50 сая шоо метрээр буюу одоогийн хэмжээнээс ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгох юм.

 Эх сурвалж: БХБЯ


Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй