Шууд Chart

Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидлын уралдааныг зохион байгуулна

2020-09-23 14:04:16

Дэлхийн шуудан холбоо нь 1874 онд байгуулагдсан Швейцар улсын Берн хотод төвтэй, 192 гишүүн оронтой НҮБ-ын төрөлжсөн олон улсын мэргэжлийн байгууллага юм. Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрөл бүрийн сургалт, арга хэмжээний нэг нь өсвөр насны хүүхдүүдийн  олон улсын захидлын уралдаан юм. Монгол Улс тус холбоонд 1963 онд гишүүн орноор элссэн байдаг.

Дэлхийн шуудан холбооноос 49 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо улсын хэмжээнд 5 дахь жилдээ  зохион байгуулах гэж байна.

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь 1995 онд байгуулагдсан ба холбогдох хуульд заасны дагуу харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, өрсөлдөөний зохицуулалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг байгууллага юм.

Уралдааныг захидал бичгийн соёлоор дамжуулан өсвөр насны хүүхдүүдийн харилцааны чадварыг дээшлүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор 10-15 насны хүүхдүүдийн дунд “Амьдран буй дэлхий ертөнцийнхөө талаар томчуудад хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?” сэдвийн хүрээнд явуулна.

Өмнөх оны уралдаанд нийт 665 сургуулийн 3600 гаруй хүүхэд захидал ирүүлж байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын сурагч Б.Буянбадрах тэргүүн байр эзэлж байв

Хүүхдүүд та нар төр засгийн удирдлагууд болон эрхэм дотны том хүмүүстээ хандан хэлэхийг хүссэн зүйлээ бичиж ирүүлнэ үү.

Хугацаа:

2020 оны 09 сарын 15-аас 2020 оны 10 сарын 15-ыг хүртэл

Шалгаруулалт:

Ирүүлсэн захидлыг мэргэжлийн баг ажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгээр орон даяар дамжуулна.

Шаардлага:

Захидлыг цэвэр гаргацтай бичиж, зөвхөн шуудангаар илгээх бөгөөд хаягийн стандартын дагуу зип код буюу шуудангийн нэгдсэн кодыг заавал бичсэн байх шаардлагатай. Та өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас аваарай.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ  ЗОХИЦУУЛАХ ХОРОО


Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидлын уралдааныг зохион байгуулна  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй