Шууд Chart

П.Даваажаргал: Би дэлхийд гарсан шилдэг эмэгтэй Монгол тулаанч болохыг хүсч байна

2020-10-09 08:17:11

ММА буюу холимог тулаанаар дотоодод болон олон улсад өрсөлдөж буй нэгэн бүсгүйтэй уулзаж, ярилцлага авав. Түүнийг Пүрэвжавын Даваажаргал гэдэг. ОУХМ, “Ширэн бээлий” клубийн тамирчин байсан тэрбээр саяхнаас “Hero fighting club” хэмээх клубээ их зорилгын дор байгуулж, бүтээж явна.

-Танай уулзахын өмнөхөн "Тулааны спорт эмэгтэй хүнд ахаддаг байх даа" гэж бодож байлаа. Яагаад энэ спортын төрлийг сонгосон юм бэ?

-Ийм асуулт үе үе ирдэг ээ. Би энэ спортоор хичээллээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Биеийн болоод сэтгэлийн хувьд хүчирхэг эмэгтэй байхыг хүсдэг. Мөн намайг хараад олон охид эмгтэй сайн үлгэр дуурайлал аваасай. Тулааны спорт гэхээр заавал эрчүүдийн хийх ажил биш. Эгэл жирийн Монгол эмэгтэй ч өрсөлдөж болно гэдгийг харуулахыг хичээж явна. Түүнчлэн Монголын эмэгтэй тулаанч яагаад дэлхийн дэвжээ дээр тулалдаж болохгүй гэж.

-Та анх бөхийн спортоор хичээллэж эхэлсэн юм билээ ...

-Тийм ээ. Тэр үед би тамирчин болно гэсэн бодолгүй байлаа. Гэтэл аав маань намайг “Бие ээ хамгаалж сур” гээд бөхийн спортоор хичээллэх үндэс суурийг тавьсан. Ийнхүү жүдо, самбо бөхийн төрлөөр Г.Барсүрэн багшийн удирдлага дор хичээллэж байлаа.

-Бөхийн спортоор ямар амжилт үзүүлсэн бэ?

-Нэг л жил бэлтгэл хийсэн дээ. Тэр хугацаанд Залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ер нь би бөхийн тэмцээнд бараг оролцоогүй.

-Тулааны спорт руу урвахад эгч тань илүү нөлөөлсөн юм шиг ээ ...

-Тийм шүү. Намайг “Аварга” дээд сургуулийн Хөдөлгөөн засалчаар сурч байхад эгч маань олс таталтаар мөн хичээллэдэг байсан юм. Тэр үед л надад “Чиний гар бяртай юм чинь боксоор хичээллэ. Жингээ ч хас” гээд 'Ширэн бээлий” клубт 2016 онд хөтөлж ирж байлаа. Энэ клубтээ Д.Төрбат, Ш.Ганбаатар гэсэн багшаараа эрдэм заалгаж, таван сарын дараагаас анхны тэмцээндээ оролцсон.

-Анхны тэмцээндээ ямар амжилт үзүүлсэн бэ?

-БНХАУ-ын тамирчинг ялаад хүрэл медаль хүртсэн. Үүнээсээ урам авч, тулааны тамирчин болно гэсэн хүсэл маань эхэлсэн дээ.

-Хөдөлгөөн засалч мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

-Нэг жил хувиараа орон нутагт ажиллаж байгаад ирсэн. Ер нь одоо мэргэжлээрээ бараг ажиллаж байна даа. "HERO fighting club'-тээ тамирчин, дасгалжуулагч болсон.

-Та ММА буюу холимог тулаанаар хичээллэдэг. Энэ төрлийн дүрмийг танилцуулна уу?

-ММА тулааны онцлог нь бүх спортын хаан. Өчилт, боолт, барилдаан, хөл, гар гээд бүгд зэрэг орсон байдаг. Үсдэж, хазаж самардахаас бусдыг нь хийнэ дээ (инээв.сурв).

-Одоогоор та хэдэн тулаан хийж, хэд ялаад байгаа вэ. Мөн дараагийн тулааны тов гарсан уу?

-Олон улсад олон тулаан хийж ялж, ялагдаж байсан. Яг хэдэн удаа ялснаа хэлж мэдэхгүй байна. Монголын холимог тулааны “MGL-1” холбоонд 3-0 гэсэн харьцаатай байгаа. Дараагийн тулаан энэ сарын 20-нд болох “MFC-fight night-1”. Одоогоор тэмцээнийхээ бэлтгэлийг хийгээд зав муутай л явна.

-Олон улсын ямар тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Хонконг Улсад болсон мутай боксын зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, ОХУ-ын Эрхүү хотын “Байкаль- FC” холимог тулаанаас болон Улаан-Үүдэд болсон боксын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Өөр ч хэд хэдэн медаль бий.

-Таны биеийн харьцаа, жин хэд вэ. Долоо хоногийн бэлтгэл хэрхэн өнгөрдөг вэ?

-Өндөр 165, жин 60 кг. Долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг бол амарсан нэг өдрөө ууланд гүйдэг. Ер нь зүгээр суудаггүй ээ.

-Таны дараагийн зорилго юу вэ. Дэлхийн рингэнд Монгол эмэгтэй тулаанч гарах боломж хэр ойрхон байгаа гэж боддог вэ?

-Дэлхийд гарсан шилдэг эмэгтэй Монгол тулаанч болох. Дэлхийн тулааны спортод Монгол тулаанч тэр дундаа эмэгтэй тамирчин гарах боломж илүү ойрхон харагддаг. Хамгийн гол нь тэнд хүрэхэд юу чухал вэ гэдэгт жаахан тус хэрэгтэй байна.

-Та тулаантай кино хэр их үздэг вэ. Мөн эмэгтэй тулаанчдын бичлэгээс хэнийхийг илүү сонирхдог вэ?

-Тулаантай кино үздэг. Дуртай шүү. Гэхдээ гадаадын тулаантай кино л үздэг. Монголын кинонууд хуурамч харагдаад байдаг юм. Тэрний оронд инстеграм, youtube-ээс тэмцээний бичлэг үзсэн нь дээр.

-UFC-гийн тулаанч Ронда Рози шиг болохыг хүсдэг үү. Сүүлийн үед түүн шиг тулаанч болох гэсэн эмэгтэй тамирчид олон байх шиг санагддаг ...

-Эмэгтэй тулаанчдын бичлэгээс UFC аварга Ронда, Холм, Нунес нарын зэрэг тамирчдын тулааны бичлэгийг үзэх дуртай. 2016 онд анх Рондагийн бичлэгийг “SPS” телевизээр үзээд биширч байлаа.

-Та сурагч байхдаа хэр эршүүд байсан бэ. Ангийнхаа хөвгүүдийг зоддог байсан уу?

-Бага ангийн сурагч байхдаа эршүүд талдаа байсан. Эмэгтэй найз цөөхөн. Гурав, дөрөвдүгээр ангид сурч байхдаа ангийнхаа хөвгүүдийг жинхэнэ цүнхээрээ зоддог байлаа.

-Эмэгтэй хүн тулааны спортоор хичээллэхэд сөрөг нөлөө байдаг уу. Ээж болох хүн хамаагүй доргиж болохгүй гэдэг шүү дээ ...

-Би эмэгтэй юм чинь гээд шантарч байсан удаа байхгүй. Энэ спортдоо сонирхолтой болохоор ч тийм байх. Гэхдээ хэзээ нэг өдөр ээж болно. Насаараа тамирчин байхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Даваажаргал: Би дэлхийд гарсан шилдэг эмэгтэй Монгол тулаанч болохыг хүсч байна  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй