Шууд Chart

Н.Өлзийхутаг: Гэр бүлийн хүчирхийлэл нэн ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллийг иргэн бүр мэдээлэх үүрэгтэй

2020-10-14 16:56:28

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай агентлаг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?

-Манай улс хүний хөгжлийн асуудлыг олон жил орхигдуулж ирсэн. Үүнээс үүдэн хүмүүсийн хандлага, төлөвшил, хүмүүжил алдагдсан. Ялангуяа 1990-ээд оны залуучуудын дунд гэр бүлийн харилцааны зөрчлүүд, хүүхэдтэйгээ зүй бус харьцах зэрэг зүйл ажиглагддаг. Энэ бүхэн юунаас болж байна гэхээр хувь хүний хандлагын асуудал л яригддаг. ГБХЗХГ-аас олон нийтэд чиглэсэн нөлөөллийн, урьдчилан сэргийлэх ажлууд буюу аян, арга хэмжээг ЦЕГ, олон улсын байгууллагуудтай хамтран олон нийтийг хамруулсан байдлаар болон цахимаар зохион байгуулдаг. Тухайлбал, Хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдлэгжүүлэх зорилгоор  “Сүүдэр бүү тусга” нэг сарын хугацаатай аяныг өнгөрсөн сарын 15-нд эхлүүлээд үргэлжлүүлж байна.

Учир нь иргэдийн дунд эрх зүйн ойлголт, мэдлэг бага байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд батлагдсан. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст дээрх хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийг нэн ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллийг иргэн бүр мэдээлэх үүрэгтэй гэж зааж өгсөн. Хэрвээ иргэн бүр энэ үүргээ биелүүлдэг, ухамсарлаж, ойлгодог бол хэрэг зөрчил бүрийг илрүүлнэ. Тиймээс хүн бүр хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж байгаасай.

-Гэр бүлийн харилцааны зөрчил маргаан, хүчирхийлэл юунаас эхтэй вэ?

-Өнөө цагт гэр бүлийн боловсролын сургалт маш цөөн, хомс байна. Гэр бүлийн боловсролыг хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд бага, дунд боловсролын сургуулиар дамжуулан нас насных нь онцлогт тохирсон байдлаар олгох ёстой. Хүн болгон аав, ээж болно. Тэгэхээр хүн гэр бүл төлөвлөлт, аав ээж болохоор ямар үүрэг хүлээх, хүүхдээ хэрхэн зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх зэрэг олон талын мэдлэгийг гэр бүлийн боловсролын сургалтаар олж авсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүс гэр бүлийн боловсролыг зайлшгүй авсан, мэдсэн байх ёстой.

Манай агентлаг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд аймаг, дүүрэгт Гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүд байгуулж хүмүүсийн хандлагад нөлөөлөх, гэр бүлийн үнэ цэнийн ойлголт өгөх, хүмүүжлийн эерэг аргын болон гэр бүлийн харилцааны сургалтыг тасралтгүй явуулж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа юу?

-Хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд ирдэг. Түүнчлэн Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг бүртгэх тусгай програмтай болсон. Манай агентлаг энэ асуудал дээр цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байна.

Үүнээс гадна Хүүхдийн тусламжийн 108 утас 24 цагаар ажилладаг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чатбокс үйлчилгээг нэвтрүүлсэн. Дэлхийн олон улсад хэрэгждэг хүүхдүүд фэйсбүүк чатаараа сэтгэл зүйчтэй холбогдон ярилцаж, зөвлөгөө мэдээлэл авдаг дээрх үйлчилгээг одоогоор найман сэтгэл зүйч зэрэг үзүүлж байна. Үр дүнд нь . Мөн 2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэд хүүхдийн түр хамгаалах байр байгуулсан. Энэ түр хамгаалах байранд хоногт ямар нэг хүчирхийлэлд өртсөн, эцэг нь үл хайхарсан зэрэг 4-5 хүүхэд ирдэг.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Өлзийхутаг: Гэр бүлийн хүчирхийлэл нэн ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллийг иргэн бүр мэдээлэх үүрэгтэй  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй