Шууд Chart

Н.Чингис: Бүх зүйл асар хурдан болдог гэмт хэргийн ертөнцөд прокурор гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн тэмцэж буйг “Давхар цагаан шугам” кино харуулна

2020-10-20 11:56:56

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хэмээх өндөр босготой, өнөр өтгөн “айл”-д хоёр үеэрээ зүтгэж буй Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны хүү, МҮОНТ-ийн найруулагч Н.Чингистэй ярилцлаа. "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн цуврал тэргүүтэй олон арван баримтат кино, бүрэн хэмжээний таван уран сайхны кино найруулсан тэрбээр өнөөдрөөс эхлэн үзэгчдэд хүрэх MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” телевизийн олон ангит уран сайхны киноны Ерөнхий найруулагчаар ажилласан юм. Түүнчлэн “Давхар цагаан шугам” телевизийн онц сонирхолтой цуврал Н.Чингис найруулагчийн ажилласан арван хоёр дахь уран сайхны кино юм.

-Монголын радио, Үндэсний телевизэд үе дамжин зүтгэж буй олон уран бүтээлчийн нэг нь та. Энэ том айлын босгоор орсон үеээ эргэн нэг дурсаач?

-Би байгууллагаа өөрийн бичиг үсэг сурсан үеэсээ л мэднэ. Аав минь Монголын радиод насан өөд болтлоо ажилласан. Би 1996 онд “Бэрс” дээд сургуулийг манай телевизийн нэвтрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганбаатар, Монголын радиогийн найруулагч С.Даваадорж зэрэг мундгуудтай хамт төгсөж, найруулагч мэргэжил эзэмшиж, өдийг хүртэл мэргэжлээрээ тасралтгүй ажиллалаа. Ажлын гараагаа Батлан хамгаалах яамны харьяа “Дуулга” студиэс эхэлсэн. Дараа нь “Ийгл” телевизэд зургаан жил ажиллаж, дундуур нь давхар их сургуульд багшилсан. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиздээ 2006 оноос хойш ажиллаж байна. “Монголын мэдээ” агентлагт найруулагчаар арван жил ажиллаад, өөрийн хүсэлтээр нэгдүгээр суваг буюу МҮОНТ-ийнхээ Түүх, уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцад шилжин орж ажилласан.

-Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсан 90 жилийн ойд зориулсан “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино хэрхэн бүтсэн бэ?

-Энэ киноны маань ажил өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн. Прокурорын байгууллагаас кино зохиолч А.Амарсайханаар зохиол бичүүлэх саналтай байсан. Манай телевизийн талаас ч мөн кино зохиолч томилохоор боллоо. Тэгээд А.Амарсайхан зохиолчтой уулзаад хамт зохиолоо бичих шийдэлд хүрч хоёр талын удирдлагууд ч дэмжсэн. Ийн бид хоёр Монгол Улсын гавьяат хуульч Б.Галдаа, Ё.Сагсай болон Т.Сүхбаатар, Г.Бадамханд, Дэлгэрцэцэг тэргүүтэй ахмад прокурортой хэдэн өдөр хамт байж, жаргал зовлон, ажлынх нь хүнд хэцүү зүйлсийг яриулж, тэр бүхнээс алийг нь кинондоо тусгах талаар санаа оноо солилцож, зохиолынхоо ерөнхий схемээ гаргаж, прокурорын байгууллагын удирдлагуудад танилцуулсан. Ийн кино зохиолоо бичиж дуусгаад батлуулчихсан, зураг авалтаа тавдугаар сард эхлэхээр төлөвлөж байсан ч цаг үеийн байдлаас шалтгаалан “КОВИД-19”-тэй холбоотойгоор  хойшилсон л доо. Тухайн үед олон нийтийн бүх арга хэмжээг хориглож, хүн зон олноор цуглуулах битгий хэл онцын ажилгүй бол гудамжаар явахгүй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулж байсан үе шүү дээ.

Яг энэ үеэр гол дүр нь прокурор залуутай, прокурорын байгууллага болон гэмт хэргүүдийг харуулсан “Зура” уран сайхны кино нээлтээ хийсэн. Манай киноны нэгэнт бичигдээд батлагдчихсан зохиолын хэд хэдэн санаа “Зура”-тай давхацсан, гэмт хэргийн процесс, сөрөг дүрийн хандлага нэлээд ойролцоо болчихсон. Бүр манай зохиолд бичигдсэн прокурор, цагдаагийн алба хаагчийн нэр давхцаж, цагдаагийн дүр нь маш төстэй болж таарсан.

-Кино зохиолоо нэг сарын хугацаанд өөрчлөх даалгавар авсан гэсэн. Зохиолоо хэрхэн шинэчилсэн бэ?

-Анхны зохиолд гэмт хэргийн нөхцөл байдалд улс төрийн хүрээнийхэн хамрагдсан нь “Зура”-тай төстэй болж ирсэн. Прокурор хүнийг яг үнэнээр нь нийгэмд ойлгуулахыг зорьсон учраас хэт их фантаз, уран сайхны арга ашиглаагүй. Хэрвээ хэт детектив төрлийн кино хийвэл амьдралаас “тасарчихсан” кино гэсэн шүүмжлэл үзэгчдээс ирдэг. Тиймээс Монголд болоод байдаггүй үйл явдлууд оруулахаас татгалзсан. Анхны зохиолоос гэмт хэрэгтэй холбоотой сюжетүүдийг өөрчилж, үндсэн жанжин шугам, гол санаагаа хадгалж авч үлдсэн. Мөн зарим дүрийн нэрийг сольсон. Үүнийг дагаад тухайн дүрийн үзэл санаа ч өөр болно. Тиймээс кино зохиол эхний ангиас дахин бичигдэж таарч байгаа юм.

-“Давхар цагаан шугам” киноны гол дүрийн Цэлмэг прокурор анхны зохиол дээр эрэгтэй хүн байсан уу?

-Үгүй ээ. Бид анхнаасаа л гол дүрээ эмэгтэй байхаар тогтсон. Яагаад гэхээр цагдаа, прокурор зэрэг хууль хүчний байгууллагын алба хаагчдыг ихэвчлэн эрэгтэй дүрээр гаргаж ирдэг. Би ч киноны ажил эхлэхийн өмнө гол дүрийн прокурор чин шударга эрэгтэй байна гэсэн төсөөлөлтэй байсан. Гэсэн хэдий ч кино зохиолынхоо судалгааг хийх явцдаа Дэлгэрцэцэг прокурортой уулзаад манай киноны гол дүр эмэгтэй хүн байснаар прокурорын дүр дээр ирэх ачаалал өшөө илүү тод томруун болно. Зөрчлүүд илүү томоор гарч ирэхээс гадна утга уянгатай болох юм байна гэж бодсон. Үүнийгээ ч А.Амарсайхан зохиолчид хэлж, бид хоёр зохиолоо гол дүрийн эмэгтэй прокурор дээр тулгуурлан бичсэн.

-Би хувьдаа МҮОНТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч, жүжигчдийн дунд дэлгэцийн урлагийн “очир алмаас”-ууд нуугдаж байдаг гэж боддог. “Тусгай салаа”-ны Дэндэв, “Наран мандах нутаг”-ийн Шил Ганбаагаас эхлүүлээд дуу хоолойгоор үзэгчдэд хэдийн танил дотно болсон ч дүр төрх нь хөшигний ард байдаг дуу оруулагч, жүжигчид сериал киноны гол дүрийг амжилттай бүтээсэн жишээ олон бий.

-Монголд олон жүжигчин байгаа юм шиг хэрнээ цөөхөн хэдэн жүжигчин л кинонуудад тоглодог. Зун гурван сар зураг авалтаа хийхээр болоод жүжигчид сонгох болсон чинь манай киноны зураг авалтад оролцох жүжигчид давхар өөр кинонд явах гэх мэт ачаалал их үүрэхээр харагдсан. Мөн дагаад ажил цалгардана. Үүнээс гадна эерэг болон сөрөг дүрээр олонд танигдчихсан жүжигчдийг кино багтаа авахыг хүсээгүй.

“Давхар цагаан шугам” кино давхар дуу оруулалтгүй, синхрон кино. Тиймээс зураг авалтын дараа дахин дуу оруулалт хийхгүй учир тоглолтоо үйл хөдлөл, дүр төрхөөс гадна хэл яриагаараа маш сайн хүргэх жүжигчид сонгох шаардлага гарсан. Тиймээс телевизийнхээ Кино, орчуулгын нэвтрүүлгийн албанаас гурван жүжигчинд санал тавьсан. Манай кино нарийн задлаад харвал сайн талын гурван баатар, эсрэг талын гурван том гол дүртэй.

Нийслэлийн хяналтын прокурор Цэлмэгийн дүрд Э.Дэлгэрцэцэг, Улсын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Сүхдоржийн дүрд Э.Бэлгүтэй, Цэлмэгийн нөхөр Эрдэнийн дүрд Ц.Энхтайван гээд гурван дүрд орчуулгын киноны жүжигчин тоглуулсан. Харин Цэлмэгийн найз Үндэсний телевизийн сэтгүүлчийн дүрд сэтгүүлч хүний гал руу ч гүйгээд орох зориг, ямар ч саад бэрхшээлтэй тулсан мэдээлэл цуглуулах ажлаа хамгийн сайн хийдэг дайчин чанарыг энэ жүжигчин л гаргаж ирж чадна гэж бодсон учир жүжигчин Д.Оюунзулыг сонгосон. Дээрх дүрээс гадна Цэлмэг прокурорын охины дүрийг бүтээх хүүхдийг сонгон шалгаруулалт зарлаж авсан. Цар тахлын дэглэмтэй холбогдуулан проб хийх боломжгүй байсан тул фото пробоор шалгаруулж, тавтай нь уулзсан. Тэр дундаас адтай сэргэлэн, ой тогтоох чадвар нь илүү хөгжчихсөн гэж харсан учир Д.Нэмүүлэн охинд киноны дүрийг өгсөн.

-Та сөрөг талын гурван гол дүр байгаа гэлээ. Тэднээс гол дүрийн баатрууд руу чиглэсэн ямар дайралт хийх вэ?

-Соёо Төрөө, группийн эзэн Чүлтэмжав, Доньд гэсэн гурван дүр бий. Нэг нь хэрцгий зан авир үйл хөдлөлтэй, нөгөө нэг нь дайснаа сэтгэл санаагаар нь унагаж тамладаг, өөр нэг нь хор найруулах ажилдаа мэргэшсэн гээд өөр өөр характертай дүр гаргаж ирсэн. Энэ гурван дүрээр нийгэмд гэмгүй нэгнийг хэрхэн гүтгэж байна, ямар хор найруулдаг, буруутай этгээдүүд гэмт үйлдлээ яаж бултуулдгийг харуулахыг хичээлээ. Сөрөг дүрийг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Болорсүх, Ө.Мөнгөнтулга, хөгжмийн зохиолч Б.Цогтдэлгэр нар бүтээсэн. Намайг сөрөг дүр бүтээлгэхээр хөгжмийн зохиолч Б.Цогтдэлгэрийг сонгоход ийм зөөлөн хүн тийм хурц дүрд тохирох уу гээд хүмүүс гайхаж л байсан. Гэхдээ би киноныхоо жүжигчдээ сонгохдоо оносон гэж бодож байна.

-Та “Давхар цагаан шугам” кино руу орохоос өмнө хувь хүнийхээ хувьд прокуроруудын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?

-Миний үеийнхэн, надаас ах зарим хүн прокурор, цагдаа гэхээр таатай ханддаггүй, төдийлөн нээлттэй харьцдаггүй, жийрхсэн маягтай байдаг. “Давхар цагаан шугам” киноныхоо зохиолын судалгаа хийгээд, зохиолоо бичиж байхдаа прокурор гэж ямар хүн байдаг юм бэ гэдгийг маш сайн олж харсан. Тийм дээ ч кинондоо прокурорын дотор хүн бий шүү гэдгийг харуулсан. "Тэр хүн" гаднаа Монгол Улсын нэрийн өмнөөс, хуулийн нэрийн өмнөөс улсын яллагч хийдэг. Яллагч гэдэг үг сонсоход хүртэл хүнд, энэ үгийг сонссон хүмүүст эвгүй сэтгэгдэл төрдөг. Үнэндээ прокурор бусадтай л адил хүн шүү дээ. Прокурорт яллуулсан хүмүүс гомдолдог. Гэтэл прокурорууд зөвхөн яллаад байдаггүй. Хүмүүсийг цагаатгадаг. Гэтэл прокурорын хүчээр цагаадсан хүмүүс тэр бүр ярьдаггүй. Ер нь манай нийгэмд баярласнаа илэрхийлдэггүй. Гомдсоноо  л хэлж ярьдаг. Тиймээс кинондоо энэ бүхнийг тэнцүүлж харуулахыг хүссэн.

-“Давхар цагаан шугам” сериалд бодит гэмт хэргүүдээс сэдэвлэсэн үйл явдал гарах уу?

-Мөнгө угаах олон улсын сүлжээ болоод энэ бүхэнтэй холбоотой ямар үйл явц Монголд болоод байгаа, хэрхэн таслан зогсоох ёстой, мөнгө угаах гэмт хэргийн дотор асар их мөнгө эргэлддэг талаар гарна. Дээрээс нь архаг гэмт хэрэгтнүүд хүний амийг юман чинь ээ тоодоггүй зэрэг гэмт хэргийн ертөнцийн бүх муу муухайг гаргаж ирэхийг зорьсон.

Манай кинонд гарах, дурдагдах гэмт хэргүүд дунд өмнө нь Монголд үйлдэгдэж байсан зарим нь дарагдаад өнгөрсөн ч гэмээр хэргүүд бий. Ер нь л прокурорын ажиллаж буй гэмт хэргийн ертөнцөд бүх зүйл асар хурдан өрнөдөг. Прокурорууд хэрхэн хууль дүрэмгүй гэмт хэрэгтнээс өрсөж хохирогч, гэрчийг хамгаалдаг тухай гарна.

-Зураг авалтын үеэр хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?

-Тэсэрч дэлбэрдэг хэсгүүдийн зураг авалт хүнд байсан. Гэхдээ Монголд кино бүтээхэд нэг зовлонтой зүйл нь асар бага хөрөнгө зарцуулдаг. Бусдаар манай уран бүтээлчид гаднынхнаас дутаад байх юм алга. Манай киноны нэг онцлог нь жүжигчдэд яг зохиолын дагуу ажиллах шаардлага тавьсан. Ингэж гэмээнэ зохиолын, диалогийн үнэ цэн харагдана.

-Монгол киночид хууль хүчний байгууллага, алба хаагчдыг харуулахдаа судалгаа маш муу хийдэг. Кинонд гарч буй үг хэллэг, дүрэмт хувцас тухайн өгүүлж буй цаг хугацаанаас зөрдөг гэх шүүмжлэл сүүлийн үед ихээр гарах болсон. Та энэ талын судалгааг хэр сайн хийсэн бэ?

-Манай кинонд түүхэн үйл явдал бага гарах ч маш сайн судалгаа хийсэн. Үг хэллэг дээр хүртэл нарийн судалгаатай ажилласан. Тухайлбал, өмнө нь мөрдөн байцаагч гэдэг байсан бол одоо мөрдөгч гэдэг болчихсон. Прокурорын байгууллагын 10 гаруй дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс киноны анхны үзлэгийг үзсэн. Бид нарт зөвлөмж санамжуудаа өгсөн. Анхны үзлэгийн дараа харьцангуй бага шүүмжлэл хүртэж, магтаалд умбалаа. Энэ бол манай киноны талбайн зөвлөхөөр ажилласан Т.Оргил-Очир прокурорын гавьяа. Манай кино баг процессын болоод үг хэллэгийн тал дээр алдаа гаргахгүй байхыг хичээсэн.

-Уран бүтээл бүр үзэгчдэд оюуны таашаал өгөхөөс гадна далд мессэж “шидэж” байдаг. Та үзэгчдэд ямар далд мессэж илгээж байгаа вэ?

-“Давхар цагаан шугам” кино маань “Эх орондоо”, “Амьдрал чамдаа” гэсэн хоёр дуутай. Энэ хоёрыг нэгтгэвэл манай киноны “Давхар цагаан шугам” гэсэн нэр гарч ирнэ. Прокурор хүн улсын нэрийн өмнөөс ажилладаг. Эх орондоо өргөсөн тангарагтаа, албандаа үнэнч байх ёстой. Нөгөө талд амьдрал ахуй, гэр бүл гэсэн том үүрэг хариуцлага бий. Үүнийгээ орхигдуулж болохгүй. Энэ “давхар цагаан шугам”-ыг прокурорын байгууллагынхан огтлолцуулахгүй авч явдаг. Хүн ер нь ажил амьдралаа хэрхэн ялгаж салгах ёстой юм бэ. Мэдээж хувийн амьдралаа ажил, албатайгаа холиод байж болохгүй. Ажил дээрх стресс бухимдлаа гэртээ очоод гаргаад байж болох уу. Ер нь ажил амьдралын зааг ялгаа яг хаана байх ёстой юм бэ гэдгийг харуулахыг зорилоо.

Киноны маань нэг анги 65 минут гэхээр бараг л бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай. Эрхэм үзэгчид та бүхэн “Давхар цагаан шугам” киноноос иргэн бид Төрдөө итгэх ёстойг, хамгийн гол нь Монголын Төр үнэн байх ёстойг, Төрийн нэрийн өмнөөс иргэдийг хамгаалж, гэм зэм үйлдсэн нэгнийг нийгмээс тодорхой хугацаанд тусгаарлахын төлөө ажиллаж, зөвхөн ялладаг биш цагаатгадаг прокурор хүний ажлын онцлог, цаад амьдралыг олж хараарай. Төгсгөлд хэлэхэд үе үеийн прокурорууддаа, Прокурорын байгууллагын ажилтнууддаа Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Чингис: Бүх зүйл асар хурдан болдог гэмт хэргийн ертөнцөд прокурор гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн тэмцэж буйг “Давхар цагаан шугам” кино харуулна  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй