Шууд Chart

Байнгын хороо Д.Сумъяабазарыг хүсэлтийн нь дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

2020-10-23 16:57:23

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.10.23) 15 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдож ажилллах болсонтой холбогдуулан гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэв.

Энэ сарын 15-ны өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

Монгол УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.

Энэ дагуу УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гишүүдэд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж, нийслэлд тулгамдсан асуудал олон байгаа, тэдгээрийг шийдэж чадна гэдэгт итгэж энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн олон зуун мянган иргэн МАН-ыг дэмжин саналаа өгч, итгэл хүлээлгэсэн. Иймээс энэ сонгуульд намын байгууллага, багаа удирдан орж, олон түмний итгэл хүлээсний хувьд үүрэг хариуцлагаа үүрч ажиллах нь зүйтэй гэж үзэж гишүүний хүсэлтийг дэмжиж байна гэдгээ илэрхийлэв.

Ингээд УИХ-ын гишүүний хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлт болон УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Байнгын хороо Д.Сумъяабазарыг хүсэлтийн нь дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй