Шууд Chart

Цох хорхойтой холбоотой зарим нууцууд...

2020-10-28 12:05:51

Манай гараг дээр огт хэрэггүй амь биет, амьтан, ургамал гэж байдаггүй. Ямар нэг байдлаар амьд биетүүд байгальд болон бие биедээ хэрэгтэй байж, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад зохилдсон байдаг. Элсэн цөлд өвсөн тэжээлт амьтны ялгадас органик бодисыг цуглуулж, бөөрөнхийлж хөеөгөө болгон бэлтгэдэг цох хорхой байдаг. Монголчууд аргалын хорхой, баасны хорхой ч гэдэг. Тэгвэл Шведийн эрдэмтэд уг цох хорхой нь үхэр малын баасыг цуглуулж, зөвхөн идэш тэжээлээ нөөцөлдөг бус харин бөөрөнхийлсөн тэжээл нь цох хорхой биеийнхээ температурыг тогтмол байлгах үүрэгтэйг олж тогтоосон байна.

Эрдэмтэд амьд биетийн температурыг хэмждэг камер ашиглан туршилт хийж үзэхэд цох хорхой бөөрөнхийлж бэлтгэсэн чийгтэй тэжээл дээрээ гараад зогсоход биеийнх нь дулаан 10 секундэд огцом буурсан байна. Цөлийн халуун наранд түлэгдэхгүй, шингэнээ алдахгүй биеийн температураа тогтмол барьж байхад зохилдсон энэ зохилдлогоо нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл чийгтэй бэлдмэл цохны хувьд бөөрөнхий тэжээл нь Эйркондишны үүрэг гүйцэтгэдэг байна.

Эрдэмтэд туршилтыг батлах зорилгоор цох хорхойг хурц, халуун нартай орчин болон сүүдэртэй орчинд байлгахад цох хорхой нартай орчинд сүүдэртэй орчноос 7 дахин их удаа бөмбөлөг дээрээ гарч сэрүүцжээ. Мөн эрдэмтэд цохны хөлийг газрын гадаргаас тусгаарлах зорилгоор углавч хийж өгөхөд тэжээл дээрээ гарах нь эрс багассан байна. Өөрөөр хэлбэл сэрүүцэх шаардлагагүй болохоор бөмбөлөг дээрээ гараагүй. Мөн орчны температурыг эрс нэмэгдүүлж халуун болгоход цох хөлөөрөө нүүр хэсгээ арчиж байсан аж.

Эрдэмтэд цох хорхой хөлөөсөө нүүрээ сэрүүцүүлэх зорилгоор шингэн ялгаруулдаг байж болох юм гэж таамаглан судалгаагаа үргэлжлүүлж байгаа юм. Эрдэмтэд цөлийн халуун наранд цох бэлтгэсэн хөеөгөө ашиглан сэрүүцэж биеийн температураа хэвийн хадгалж байгааг л дөнгөж нээсэн болохоос өөр нээгдээгүй маш олон байгалийн зохилдлогоо байж болохыг үгүйсгэхгүй байна.

Манай дэлхий 5 тэрбум орчим жилийн настай. Олон сая жил байгалийн шалгарлыг даван туулж ирсэн амьтдад байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалах болон өөрсдийгөө гаднын хүчин зүйлээс хамгаалах, хүний нээж олоогүй олон нарийн зохилдлогоо байдаг гэнэ.


Цох хорхойтой холбоотой зарим нууцууд...  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй