Шууд Chart

Дэндүү их авьяастнуудын дэргэд

2020-11-09 12:47:05

-Сэтгүүлчийн тэмдэглэл-

Дэндүү их авьяастны тухай хөрөг нэвтрүүлэг хийнэ гэдэг өчүүхэн надад ахадсан ажил. Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч, шог зураач Цэндийн Доржготов, Ардын жүжигчин, өгүүлэхүйн ухааны их мастер Гомбын Равдан нартай Ц.Доржготов гуайн хөрөг нэвтрүүлгийн нэмэлт зургийг авахаар Архангай аймгийн Хашаат сумыг зорилоо.

Ардын жүжигчин Гомбын Равдан ч энэ нутгийнх. 5, 6, 7-нд тэнгэр муудаж, шороон шуургатай гэсэн урьдчилсан мэдээ яваад байсан болохоор айж л явлаа. Тэнгэрлэг авьяастай хоёр хүүгээ ирж байгаа болохоор тэр биз, нэг их шороогоор шуурч байснаа маргааш нь нутгийн тэнгэр нь зохирон зөөлрөв. Нутаг усныхан, ахан дүүс нь сайхан хүлээж авч, бидний ажил ч бүтэмжтэй сайхан боллоо. Алдар нэрийг нь сонсож, зохиол, өгүүллэгийг нь уншиж, шог зургийг нь үзэж, гайхан биширч явсан егөөтэй, ёжтой, аливааг өөр өнцгөөс харж бичдэг "Том" зохиолчийн өмнө дуу хураагуур барихад гар салгалж, асуулт тавихад үг ээдэрч байна.

Ямар ч хүнд унасан газар, угаасан ус гэдэг үнэтэй юм даа. Төрийн соёрхолт зохиолч, Ардын жүжигчин хоёр маань нутаг усныхаа хонхортоо ирэнгүүт дуу шуу ороод явчихлаа ... Хичнээн ч зохиолынхоо сэдэв болоод эгэлхэн атлаа адармаатай, хоржоонтой, егөөтэй, зарим талдаа өрөвдмөөр гол баатрынхаа дүрийг энэ харганатай, дэрстэй, намхан хөтөл, толгод бүхий “Шүдлэн“ говиос олсныг Ц.Доржготов гуай өөрөө л мэднэ.

“Хүрэн хамбан дээлт“, “Бор хотгорын хоньчин“, “Улаан орхимжны давалгаан“, “Хуруун чинээ лаа“ гээд Төрийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Нацагдоржийн шагнал хүртсэн алдартай бүтээлүүд “Гашууны“ гол гэж татаал шиг жаахан гол, харганатай, хужиртай энэ хонхор, эгэл малчны хотноос эх ундаргаа авсан юм билээ.

Зохиолчийг Төрийн соёрхол, Соёлын гавьяат цолтны тэмдэгтэй нь төрөлх сургууль дээр нь зургийг нь авах гээд барсангүй. ”Дэмий, дэмий, авчраагүй“ гээд өнгөрөв. Авсан нь одонгоо зүүхгүй “нэрэлхэж“ байхад авах гэж хэсэг нь зүүдэлж явдаг хүн гэдэг амьтан С.Жавхлангийн хэлснээр ёстой л “Тавилан юм даа" ...

Зохиолч маань энэ жил 80 насны босго давж байгаа аж. Баабар, Цэнддоо нарын алдарт нийтлэлчид Ц.Доржготов гуайн зохиолыг таван боть ном болгон үнэ төлбөргүй эмхэтгэж, хэвлэж өгсөнд өвгөн зохиолч ихэд баярлаж байна лээ...

Түүний чих жаахан хатуу ч зүрх сэтгэлийн хөг аялгуу нь цоо шинээрээ. А.Гүрсэд, Ж.Лхагва, Ж.Шагдар, жүжигчин Н.Цэвээнравдан гээд олон нөхдийнхөө тухай инээдэмтэй, хөгтэй дурсамжуудыг ярина.

Түүний олон өгүүллэгийг “Утгын чимэг“ наадамд уншиж түрүүлж, айрагдуулсан Ардын жүжигчин Г.Равдангаар “Хуруун чинээ лаа“ өгүүллэгийг нь сэргээж уншууллаа. Тэр ганцхан удаа уншсан. Ганцхан удаа зураг авсан. Гайхалтай авьяас.

“Чингис, Чинбаа хоёр минь ахыгаа улаан цайм планд бага шиг аваарай“ гэж инээдэм болгоно. Учир нь гавьяат жүжигчин Найдан гуай “Крупный план“-ыг ингэж орчуулсан хэрэг. Мөн ч онож хэлсэн байгаа биз.

Ц.Доржготов гуай ангийн найз Улсын аварга малчин Ш.Майдар гуайтай уулзлаа. Унасан газар, угаасан усандаа очлоо. Бурхан тахилдаа мөргөлөө. Төрөлх сургуулиараа орлоо. Тэр сэтгэл тэнүүн явлаа. Өгүүллэгийн нэрт мастер Намсрай андынхаа хүү, энэ нэвтрүүлгийн найруулагч Чингист болон МҮОНТ-ийн уран бүтээлчдэд талархаж байна. Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх гэж 62 жил уран бүтээлээ туурвисан энэ их хүний тухай үзэгч түмэнд хүргэнэ гэдэг уран бүтээлч бидэнд бол нэр төрийн хэрэг, бас том хариуцлага юм даа. 

“Магтаалчид социализмын өврөөс, шүүмжлэгчид социализмын араас төрсөн мэт алаг үзэлд өртөж явснаа хойч үед сургамж болоосой хэмээн зориглон дурсая. Магтаал, шүүмж хоёр бол нийгмийн шувуугаар бол хоёр даль нь юм. Магтаалын гал улаан, ганц далавч 70 жил дэвснээр хөгжил нисээгүй. Ганц далавчаар нисдэггүйг Монгол эдэлсэн. Би бээр 18-80 насыг зооглотлоо нийгмийн бузрыг нимгэлэх санаатай 62 жил ганц бяцхан хошин далиараа дэвсээр хөдөлмөрийн чадвараа барав. Ер нь би нийгмийн бохирын слесарь хүн шиг байгаа юм... гэж Ц.Доржготов зохиолч номондоо бичсэн байна лээ... Тун үнэн үг дээ, өрөөсөн далавчаар шувуу яаж нисэх вэ дээ...

Эрдэмт, мэргэдийн үг сургаал, дурсамж яриаг зам зуур сонсож явахад сэтгэл цэлмэж, оюун бодол цэнэглэгдэх шиг санагдлаа.

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шог зохиолч, шог зураач Ц.Доржготов, түүний ангийн анд Улсын аварга малчин Ш.Майдар нарын хамт Архангай. Хашаат сум

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Дэндүү их авьяастнуудын дэргэд   
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй