Шууд Chart

Үхрийн мах бөөний доод үнэ нь 6200 төгрөг байна

2020-11-23 11:52:45

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас нийслэлийн зургаан дүүрэг, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нутагт дэвсэрт байрлах 12 зах, 31 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 16 эмийн сангуудад хяналт шалгалт хийлээ.

Хүчит шонхор захад өглөөний 7 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8000-8500 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10500-12000 төгрөг, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Харин махны бөөний үнэ нь хонины мах 6500-7000, үхрийн мах 6200-8200, адууны мах 5500-6000, ямааны мах 4500-5000 төгрөгийн үнэтэй байна. 

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө нэмэгдэж 91,5 тонн нийлүүлэгдсэн байна. Үхрийн мах бөөний доод үнэ нь 6200 төгрөг болж өмнөх өдрийн 9 цагийн байдлаарх үнээс 1600 төгрөгөөр буурсан, хонины махны доод үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн, адууны мах 500-100 төгрөгөөр буурсан, ямааны мах 300-800 төгрөгөөр тус тус буурсан байна. Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 500 төгрөгөөр буурсан, хонины цул 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай махны доод үнэ 1000 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны доод үнэ 1500 төгрөгөөр буурсан байна.

Нарантуул-2 захад 4000 төгрөгийн үнэтэй байсан монгол сонгины үнийг 2600, хятад сонгины үнийг 1500 төгрөг болгож бууруулж, зөрчлийг арилгууллаа.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хүнсний мухлаг-махны дэлгүүр”-т хонины ястай мах 7500, хонины цул 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12000, адууны 9500 төгрөгийн үнэтэй байна. Тус дэлгүүрт шаардлага өгч барааны үнийг бичүүлж байршуулав.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Оюу дэлгүүрт 420 төгрөгөөр зарж байсныг шаардлага өгч 400 төгрөг, үхрийн цул махыг 12800 төгрөгөөр зарж байсныг шаардлага өгч 12500 төгрөг болгож бууруулж, зөрчлийг арилгуулсан.

Баянзүрх захад /Бөхийн өргөөний хажууд/ албан шаардлага өгч монгол сонгино 3500-4000 төгрөг байсныг 3000 төгрөг, лууван 2000 байсныг 1500 төгрөг болгон бууруулж, зөрчлийг арилгуулсан.

Сансар сүлжээ дэлгүүрт өндөг 420 төгрөгөөр өндөг борлуулж байсныг шаардлага өгч өндөгний үнийг 400 болгон бууруулж, зөрчлийг арилгуулсан.

Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу Их Монгол хороололд  байрлах “Тэско” супермаркетад хяналт шалгалт хийхэд хятад сонгино 1кг 2400 төг, монгол лууван 2400 төгрөгөөр борлуулагдаж байсан. Менежер Ш.Серикулл, Ж.Энхчимэгтэй уулзаж, мөн тус супермаркетад хүнсний ногоо нийлүүлэгч Э.Сайнцог /88124570/-той утсаар холбогдож үнээ бууруулах шаардлага тавьсны дагуу хятад сонгино 1700 төгрөг, монгол лууван 1700 төгрөг болгон бууруулж, зөрчлийг арилгуулсан.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16.20 цагийн байдлаар 115 утсанд 80, чатботод 20, ибаримт апликэйшнээр 6  иргэн тус тус хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.


Үхрийн мах бөөний доод үнэ нь 6200 төгрөг байна  
Үзсэн: 1948 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй