Шууд Chart

ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна

2020-11-23 18:39:00

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв.

Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ.

Теле хичээл, цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхэд, сурагчдад хичээлийн агуулгыг хүргэх, сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Боловсролын газар ажиллаж байна. Багш нар хариуцсан анги, хүүхэдтэйгээ холбоотой байж, дасгал, даалгаврыг нь  хэрхэн хийх талаар хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн дотуур байранд 209 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдэд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх, цэвэр ус уух боломж бүрдүүлэх, ам, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлуулах зэргээр ажиллаж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 71 оюутны байранд 11 359, түрээсийн байранд 18 687 оюутан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.   


ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй