Шууд Chart

БНХАУ-ын дарга Жозеф Байденд баяр хүргэлээ

2020-11-27 09:57:30

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын эхээр болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жозеф Байденд баяр хүргэсэн цахилгаан утас илгээжээ. Тэрээр дэлхийн тэргүүлэх хоёр гол эдийн засаг болсон Хятад, Америк хоёрын харилцаа эрүүл бөгөөд тогтвортой байх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд төдийгүй олон улсын нийтлэг эрх ашигт нийцнэ гэдгийг баярын цахилгаан утсандаа онцолсон байна.

Хятадын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Жозеф Байден ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрч баяр хүргээгүй цөөн хэдэн удирдагчдын нэг болж байсан. Хятад улс ямар учраас хожуу баяр хүргэв гэдэг дээр албан ёсны тайлбар хийгээгүй. Гэхдээ шинжээчид Бээжин ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байхад нь Трамп ерөнхийлөгчийн дургүйцэл төрүүлэх, харилцаагаа муутгахаас зайлсхийсэн байж болох юм гэж таамаглаж байна.

Энэ 7 хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Байденд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг эхлүүлэхийг зөвшөөрсөн. Үүний дараа 46 дахь ерөнхийлөгч болох гэж байгаа Байден өөрийн засаг захиргааны гадаад бодлогын гол албан тушаалд ямар ямар хүн  томилж байгаагаа зарлаж, АНУ дэлхийн тавцанд эргэн ирж байгааг зарласан юм. Үүний дараа АНУ-тай өнгөрсөн дөрвөн жилд худалдааны дайн хийж ирсэн Хятадын төрийн тэргүүн Америкийн дараагийн ерөнхийлөгчид баяр хүргэсэн цахилгаан утас илгээлээ. Ши Жиньпин Байдены засаглалын хугацаанд Хятад, Америк хоёр улс зөрчил, тэмцэлгүй, хоёр биенээ харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн нь Бээжин Байдены гадаад бодлогод ялангуяа Хятадтай харилцах харилцаанд нааштай уур амьсгал оруулах болов уу гэсэн найдлага тавьж байгааг илэрхийлж байна.

Гэхдээ Байден сонгуулийн кампанийнхаа үеэр Хятадын хүний эрхийн асуудал ялангуяа Шиньжан Уйгарын үндэсний цөөнхийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байсан. Байдены сонгуулийн амлалт, хэлсэн үг зэрэгт үндэслээд Байден Хятадын талд ялангуяа худалдааны асуудал дээр Трампаас зөөлөн бодлого явуулахгүй болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Трампын засаглалын дөрвөн жилд худалдаан технологийн маргаанаас эхлээд Хонконг, Тайваны асуудлаас үүдэж Хятад Америкийн харилцаа сүүлийн 10 гаруй жилд байгаагүйгээр хүйтэрсэн. Трампын засаг захиргаанаас эхлүүлж, Бээжин хариуд нь зарласан татварын нэмэгдүүлэлт, хориг арга хэмжээ хоёр талд харилцан үйлчилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Жозеф Байденд баяр хүргэлээ   
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй