Шууд Chart

Германд коронавирусний шинжилгээний сорьцыг лабораторид хүргэхдээ дрон ашиглана

2020-12-01 14:58:55

Ковид-19-ийн цар тахалтай тэмцэхэд шинэ техник технологийг ашиглахыг улс орнууд чармайж байна. Тухайлбал Германы Берлин хотын лабораторийнхан Калифорнийн Маттернет компанитай хамтран шинэ коронавирусний шинжилгээний сорьцуудыг дроноор хүргэх төслийг туршиж байна. Ингэснээр Европтоо хамгийн томд тооцогддог Лабор Берлин лабораторид эмнэлгүүд шинжилгээний сорьцуудаа цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх боломж  бүрдэнэ  гэж тооцоолж байна.

Төслийн  туршилтад  нэгдсэн  Берлины  эмнэлгээс тус лабораторийн хооронд 11 км-ийн зайтай. Энэ хооронд автомашинаар зорчиход нэг цагийн хугацаа  шаардагддаг бол шинжилгээний сорьцыг дроноор лабораторид хүргэхэд ердөө 10 минутын хугацаа зарцуулж  байгаа юм байна. Тиймээс ирэх оны 1 сараас  Берлины 6 эмнэлгээс  КОВИД-19-ийн  шинжилгээний  сорьцыг  дронууд ашиглан лаборатори руу илгээдэг  болгохоор төслийн багийнхан ажиллаж байна.

Клаус Теннинг Берлины лабораторийн төслийн удирдагч:  Халдварын сэжигтэй  тохиолдол  бүртгэгдсэн  үед  цаг  алдалгүй шинжилгээгээр  баталгаажуулах  эсвэл няцаах  нь  маш  чухал.  Шинжилгээний хариунд  л  үндэслэн  халдвар тархахаас  сэргийлж  нэн даруй  тусгаарлах  эсвэл өдөр тутмын хэвийн амьдралаа  үргэлжлүүлэх эсэхийг  шийдэх  тул  хугацаа  хэмнэх  энэ  аргыг бид  ашиглахаар туршиж байна

Төслийн багийнхан чиглэл бүрт 24 цагийн туршид 2 дрон нисгэхээр төлөвлөж байна. Харин Дрон бүр шинжилгээний 40 сорьцыг лаборатори руу тээвэрлэх юм. Шинжилгээг  зөөвөрлөх дронуудад гэнэтийн эвдрэл гэмтэл гарвал  тусгай шүхрийн тусламжтайгаар газардуулах юм байна. Мөн дронуудыг агаарт өөр дрон эсвэл нисдэг тэрэгтэй мөргөлдүүлэхгүй байх зохицуулалтыг хийжээ. Тухайлбал, удирдлагын төвөөс урьдчилан анхааруулсан мэдээлэл дамжуулах,  чиглэлийг нь  өөрчлөх  боломжтой  юм байна. Дан ганц  шинэ коронавирусний  төдийгүй  бусад  төрлийн шинжилгээний сорьц, вакцин ч зөөвөрлөх боломжтой  гэдгийг  санаачлагчид мэдэгдэж байна.

Алекс Норман Маттернэт  компанийн  төслийн удирдагч: Дронууд  бүрэн автоматчилагдсан. тогтсон чиглэлийн дагууд  нислэгээ үйлдэж товлосон газартаа  автомат  буулт хийнэ. Онцгой  нөхцөл байдал үүссэн тохиолдолд л  удирдлагын  төвөөс зохицуулалт  хийгдэнэ.  Мөн Манай компани дроноор вакцины хүргэлт түгээлт  хийхийн тулд  хадгалалтын  горимд  заасан  тодорхой хэмээ барьдаг жижиг чингэлэгүүд  хийхээр ажиллаж байна.

Маттернэт компанийнхан дроноор хүргэлт хийдэг ийм системийг Швейцарь АНУ-д  ашигладаг байна. Харин Европын Холбооны орнуудаас анх удаагаа Берлинд  энэ технологийг туршиж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд коронавирусний шинжилгээний сорьцыг лабораторид хүргэхдээ дрон ашиглана  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй