Шууд Chart

Банкуудад репо арилжаагаар урт хугацаатай санхүүжилт олголоо

2020-12-03 09:16:51

Монголбанкны  Мөнгөний бодлогын хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. Улмаар 2020 оны 4 дүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олголоо.  

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.

Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан харилцагч банкиндаа хүсэлт гарган зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо.

Цаашид Монголбанкны зүгээр цар тахлын нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн, тухай бүр мэдээлэх болно.

 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалыг эндээс үзнэ үү.

 

МОНГОЛБАНК


Банкуудад репо арилжаагаар урт хугацаатай санхүүжилт олголоо  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй