Шууд Chart

Хоёр дахь өдрийн барилдаанаас медаль хүртэж чадсангүй

2021-01-13 08:47:24

Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн Мастерс тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Энэ өдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн жингийн барилдаан болов. Манай улсаас 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Сайед Моллай, О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д Б.Ганхайч нар барилдсан юм.

Гэвч харамсалтай нь тэднээс хэн нь ч медаль хүртэж чадсангүй.

Тодруулбал, түрүүлж эрэгтэйчүүдийн -81кг жинд Их дуулгын алт, мөнгө, хүрэл медальт ШШГЕГ харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт олимпын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын бөх Хасан Халмурзаевийг гарт нь өчих мэхээр ялж, улмаар дараагийн тойрогт 2019 оны дэлхийн аваргын хүрэл, 2019 оны Пан Америкийн аварга, Канадын Антуан Валуа-Портьег боох мэхээр цэвэр ялсан юм.

Гуравдугаар тойрогт 2019 оны Ташкентийн Гран при алт, 2020 оны Парисын Гранд сламын мөнгөн медальт Узбекстаны Шарофиддин Болтабоевт торгуулиар ялагдлаа.

Эрэгтэйчүүдийн -81кг жинд 2018 оны дэлхийн аварга, 2017 оны дэлхийн аваргын хүрэл, 2018 оны Азийн наадмын мөнгө, 2017 оны Азийн аваргын мөнгөн медальт С.Моллай эхний тойрогт хийлж, 2019 оны дэлхийн аваргын хүрэл, 2019 оны европийн наадмын хүрэл, 2020 оны европын аваргын хүрэл медальт Гүржийн Лука Майсурадзег цэвэр ялсан юм.
Ийнхүү мөн л гуравдугаар шатанд 2019 оны Ташкентийн гран прин хүрэл медальт Гүрж гаралтай Австрийн Шамил Борчашвилид вазари үнэлгээгээр ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт Африкийн аварга Египедийн Мохаммед Мохелдинийг цэвэр ялж дараагийн шатанд 2017 оны дэлхийн аварга Японы Сойчи Хашимотод вазари үнэлгээрээ ялагдан тэмцээнээ дуусгалаа. Түүнийг ялсан Сойчи Хашимото аварга финалд шалгарч улмаар мөнгөн медаль хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт 2019 оны Бразилын Гранд Слам, 2019 оны Монреалийн Гран прин хүрэл медальт Германы Энтони Зинггийг цэвэр ялж, 2019 оны Ташкентийн Гран прин алт, 2019 оны Абу Дабигийн Гранд Сламын хүрэл, 2020 оны Парисын Гран Сламын хүрэл медальт Узбекстаны Хикматилло Тураевт цэвэр ялагдлаа.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд Гранд Слам тэмцээний хүрэл медальт ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт 2019 оны Екатринбургын гранд сламын алт, 2019 оны Дюссельдорфийн гранд сламын мөнгө, 2020 оны Унгарын гранд сламын хүрэл медальт ОХУ-ын Дарья Давыдовад ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр дахь өдрийн барилдаанаас медаль хүртэж чадсангүй  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй