Шууд Chart

Умард Солонгос шумбагч онгоцноос харвах зориулалтын шинэ баллистик пуужинг танилцууллаа

2021-01-16 12:41:30

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын 8-р их хурал өнгөрсөн долоо хоногт эхэлж, энэ долоо хоногт өндөрлөж байна. Энэ хурлын хаалтын үеэр цэргийн томоохон парадыг Пехньяан хотын төв талбайд зохион байгууллаа. Парадын үеэр Умард Солонгос шумбагч онгоцноос харвах зориулалтын холын тусгалтай шинэ пуужинг танилцууллаа. Тус улсын төрийн телевиз энэхүү пуужинг дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг хэмээн тодорхойлж байна. 

Одоогийн байдлаар энэхүү шумбагч онгоцноос харвах зориулалтын шинэ загварын пуужинтай холбоотой ихэнх мэдээлэл нууцлагдмал байгаа юм. Парадын үеэр гадна талыг нь хар, цагаанаар алаглуулан будсан ижил загварын 4 пуужинг харуулсан байна. Шинжээчдийн тодорхойлсноор өмнө нь огт дэлгэгдэж байгаа дээрх пуужин дээд тал 1900 км-ын алсын тусгалтай гэж таамаглаж байна.

Удирдагч агсан Ким Ир Сений нэрэмжит талбай дээр болсон парадын үеэр бусад байлдааны техник, хэрэгслийг ч танилцуулсан байна. Гэхдээ өнгөрсөн 10 дугаар сарын цэргийн парадын үеэр үзүүлж байсан Умард Солонгосын хамгийн том тив алгасагч баллистик пуужинг энэ удаад ил гаргаагүй байна. Энэхүү тив алгасагч пуужингийн тусгал нь АНУ-ын газар нутагт хангалттай хүрэх хэмжээний гэдгийг тухайн үед онцолж байлаа.

Хөдөлмөрийн намын их хурлаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёроос гурван ч зүйлийг онцлон ярьж байлаа. Үүний нэг нь тэрбээр Умард Солонгосчууд цөмийн зэвсэгжилтийн хүчин чадавхиа сайжруулахад онцгой анхаарах ёстойг цохон тэмдэглэсэн. Үүнээс гадна АНУ-ыг  Умард Солонгост хамгийн ихээр аюул, заналхийлэл учруулагч, дайснаа гэж нэрлэж байлаа.   

Ардчилсан Солонгос армийнх нь хүчин чадавх сайжирч буй дохиог АНУ-ын шинэ засаг захиргаанд өгөхийг зорьж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп удирдагч Ким Жон Унтай найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж байсан бол Жо Байден өөр байр суурийг нь баримтлах төлөвтэй байгаа юм. Ташрамд дуулгахад, энэ удаагийн их хурлаар Ким Жон Ун Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Энэ нь түүний эрх мэдлийг эрс нэмэгдүүлсэн үйл явдал болсон юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос шумбагч онгоцноос харвах зориулалтын шинэ баллистик пуужинг танилцууллаа   
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй