Шууд Chart

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар өнөөдөр тангараг өргөнө

2021-01-20 13:09:59

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарын тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 11 цаг буюу Улаанбаатарын цагаар 23:00 цагт Вашингтон хотын "Капитол Хилл" ордны өмнөх талбайд болох гэж байна. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол урьд өмнөхөөсөө өөр, онцлог ихтэй болохоор байна.

Вашингтон хотод шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэж сонирхохоор мянга мянган хүн ирцгээдэг. Гэвч энэ жил коронавирусний цар тахалтай холбоотойгоор хүн хоорондын зай барих журмыг хэрэгжүүлэх үүднээс "Капитол Хилл" ордны гадна олон хүн цуглуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тангараг өргөх ёслолыг зохион байгуулагчид иргэдэд хандаж энэ арга хэмжээг гэрээсээ үзэхийг уриалж байна. Энэ сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид "Капитол Хилл" ордон руу дайрч, үүний уршгаар 5 хүн амь насаа алдсан үймээн дэгдсэн. Дээр нь тангараг өргөх ёслолын үеэр эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх уриалга олон нийтийн сүлжээгээр тархсан учир энэ удаад аюулгүй байдлын хатуу чанд хамгаалалтад шинэ Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч тангарагаа өргөх гэж байна.

Тангараг өргөх ёслолын үеэр "Капитол Хилл"-ийн нутаг дэвсгэрт гадны хүн оруулахгүй байхаар хамгаалалт гарах юм байна. Тангараг өргөх ёслолыг энэ жил "Эв нэгдэл" уриатайгаар зохион байгуулж байна. Тангараг өргөх ёслолын өмнө Линкольный дурсгалын цогцолборт цар тахлаас болж нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болно.

Харин Жозеф Байден тангарагаа өргөснийхөө дараа Америкийн экс Ерөнхийлөгч болох Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нартай нэгдэж Арлингтоны үндэсний оршуулгын газар дахь нэр нь үл мэдэгдэх цэрэг эрсэд зориулсан дурсгалд цэцэг өргөх юм байна.

Мөн Америкийн нийгмийн бүхий л төлөөлөл оролцох цахим жагсаалыг улс орон даяар дамжуулан үзүүлэх юм байна. Тангараг өргөх ёслолын дараа шинэ Ерөнхийлөгчийн нэрэмжит үдэшлэг болно. Лхагва гарагийн өглөө Төрийн тэргүүний үүрэгт ажлаа шилжүүлэн өгч байгаа Дональд Трамп тогтсон уламжлалыг зөрчин тангараг өргөх ёслолд оролцохгүйгээ илэрхийлсэн.

Тэрбээр Мэриленд муж дахь Эндрюс цэргийн баазаас 1 дугаартай онгоцыг сүүлийн удаа хөлөглөж Флорида дахь Мар а Лаго эдлэндээ очих юм байна. Хамгийн сүүлд 1869 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Улисс Грантын тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзаж байсныг энэ үеэр хэвлэлүүд сануулж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар өнөөдөр тангараг өргөнө   
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй