Шууд Chart

Дэлхийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 98 саяд хүрлээ

2021-01-22 16:41:57

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 98 саяд хүрээд гаруй мянгад хүрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр  батлагдсан тохиолдлын  тоо 644 мянга гаруйгаар  нэмэгджээ.  Мөн "Ковид-19"-ийн халдвараас болж нас барсан хүний тоо хоногт 16 мянгаар  нэмэгдэж  нийт  2  сая 97 мянгад  хүрсэн бол  нийт эдгэрсэн хүний  тоо  70 саяыг давлаа.

Халдвар хамгийн ихээр тархаж буй АНУ–ын шинэ Ерөнхийлөгч   үүрэгт  ажилдаа  орсон даруйдаа коронавирусний эсрэг тэмцэх стратегиа өөрчлөөд  байна. Ерөнхийлөгч Жозеф Байден амны хаалт заавал  зүүхийг, вакцин болон шинжилгээ  өргөнөөр хийх зэрэг цар тахалтай  тэмцэхэд  чиглэгдсэн  10 гаруй зарлиг батлав. Тодруулбал, Ерөнхийлөгчийн эхний  100  хоногт багтааж 100 сая иргэнээ "Ковид-19"-ийн вакцинд хамруулах зорилт  тавьсан байна. Үүний тулд  улс орон даяар  вакцины  нийт 100  цэгийг  нэмж  байгуулахаар  боллоо. 

Мөн  Ерөнхийлөгч  Байден,  хүн хоорондын зайг сайтар барих, холбооны бүх  байгууллагуудад амны хаалт заавал зүүхийг үүрэг болгосон бөгөөд нийт  иргэддээ хандаж 100  хоногийн хугацаанд амны хаалтыг бүх газарт зүүхийг уриалсан байна. Мөн  АНУ-д гаднын улс орнуудаас  агаарын хөлгөөр  ирж байгаа иргэдийг ажиглан тусгаарлалтад оруулах, Америк руу нисэхээс нь өмнө  болон онгоц  газардахаас  өмнө 2 удаагийн шинжилгээ  авахаар  боллоо. 

Францад мөн ирэх 24-ний өдрөөс эхлэн дэлхийн бусад улс орнуудаас ирж байгаа иргэдээс 72 цагийн өмнө хийлгэсэн сөрөг хариутай PCR  шинжилгээ  шаардах болно гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.  Гэхдээ ажлын  шаардлагаар байнга  хилээр нэвтэрдэг хүмүүст энэ  шаардлага хамаарахгүй юм байна.

Харин Германд хоногт бүртгэгдэж  байгаа  халдварын тохиолдлын тоо болон эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн тоо буурч  байна. Үүнийг хорио цээрийн хатуу дэглэмүүд авч  хэрэгжүүлсний үр дүн гэж  тодорхойлж байгаагаа тус улсын  канцлер Ангела Меркель өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ. Гэхдээ канцлер тус улсад  нас  баралт өндөр  байгааг, мөн  Британийн мутацид  орсон хувилбар аюул  дагуулж  байгааг  анхааруулсан  байна.

Үүний зэрэгцээ Германы  засгийн газрын гол зорилт нь цар  тахлын 3 дахь  давлагаа үүсэхээс  сэргийлэх  явдал  гэдгийг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 98 саяд хүрлээ  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй