Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

2021-01-23 09:59:32

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа талаар төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав. Олон улсад хэрэглээ нь хумигдсан керосин, нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манайд өссөн байдаг аж. 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн мэдээ байгаа гэв. Шатахууныг керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг бодисуудаар шингэлэн найруулж, түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг хэмээн үзэж байгаа аж. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татвар болон тусгай зөвшөөрөлгүйгээр импортлон, хуурамч шатахуун үйлдвэрлэн шатахуун түгээх станцуудад нийлүүлж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжид хохирол учруулахаас гадна агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул импортоор оруулж байгаа газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар улсын төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хууль санаачлагчид нь буцаах Байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй