Шууд Chart

Жо Байден: Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах гэрээг 5 жилээр сунгана

2021-01-23 10:20:00

Ерөнхийлөгч Жозеф Байдений засаг захиргаа стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээг 5 жилээр сунгахыг хүсч байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдлээ.

Тэрбээр тус гэрээний  хүчинтэй хугацааг сунгах нь Москва-Вашингтоны харилцаа хурцадмал байгаа энэ үед онцгой чухал гэдгийг онцолсон байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден энэ гэрээг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн гэж үздэгээ эртнээс илэрхийлж  ирснийг сануулж байлаа.

Түүнчлэн энэ гэрээ нь Оросын цөмийн хүчийг хязгаарлах цорын ганц баримт бичиг төдийгүй 2 орны стратегийн тогтвортой байдлын тулгуур гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Пентагоны  хэвлэлийн албаны тэргүүн Жон Керби мөн энэхүү гэрээг сунгах нь АНУ болон ОХУ-д шинэ гэрээ боловсруулах хугацаа гаргаж өгч  байгааг онцолсон байна. Үүний зэрэгцээ Америкийн талаас стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний хүчинтэй хугацааг шуурхай сунгахгүй бол Оросын тив алгасагч цөмийн  хүчний  байдлыг ойлгох ойлголтыг сулруулна гэж үзэж байгааг ч илэрхийлсэн юм.

Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах 3 дахь гэрээ 2011 оны 2 дугаар сарын 5-ны  өдрөөс хүчин төгөлдөр  болсон. Тус гэрээний хүчинтэй хугацаа энэ оны 2 дугаар сарын 5-нд  дуусгавар болох ёстой юм. Хоёр улс энэ гэрээгээр тив алгасагч болон баллистик пуужин, хүнд бөмбөгдөгчүүдийнхээ тоогоо 700-гаас хэтрүүлэхгүй байх,  цөмийн  цэнэгт хошууны тоогоо 1550-иас ихгүй байлгах, пуужин харвах төхөөрөмжүүдийн тоог ч 800-д барих гэх мэт үүрэг хүлээсэн байдаг юм.  Ерөнхийлөгч асан Доналд Трампын  засаг захиргааны хувьд цөмийн зэвсэглэлд  хяналт тавихад чухал үүрэгтэй энэ гэрээг сунгахгүйгээ  нэг бус удаа мэдэгдэж байсан  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жо Байден: Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах гэрээг 5 жилээр сунгана  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй