Шууд Chart

Ардын багш С.Магсар агсны дурдатгалыг эргэн дурсахуй

2021-02-09 09:31:36

"Дэлхийд данстай чөлөөтийн бөхчүүд" номны "Эр хүн зaaвaл долоо бүдэрч найм сэхэх албагүй" хэмээх сүүлийн хэсэг. /Монгол улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Зууны шилдэг дасгалжуулагч Солийн Магсар.

“Орчин цагийн олимпын наадам 1896 оноос эхтэй ч манай улс 1964 оноос хойш ердөө аравт нь оролцсон. Миний хувьд үүний гуравт нь дасгалжуулагчаар, хоёрт нь албаны хүнээр оролцож байв. Хамгийн сүүлчийн “Афин- 2004” олимпод шигшээ багийн захирлын хувиар оролцлоо. Тэгээд ч өөрийн амьдралын 40 гаруй жилийг зориулсан чөлөөт бөхийн тухай ном бичихсэн гэж олон жил бодож явсан. Юутай ч “Афинаас Афинд” хэмээх номыг жил гаруй ноцолдож, хүүтэйгээ хамтран байж, 600 гаруй зураг хөрөг, график хүснэгт багтаан хэвлүүллээ. Хоёр кг жинтэй ном бүтээлээ. Энэ номд зөвхөн чөлөөт бөхийг оруулсан юм биш. Монголын олимпын түүх бараг тэр чигээрээ бий. Олимпод оролцож явсан 540 гаруй Монгол хүний тухай ч багтаалаа. 2009 онд нэлээд дуулиан шуугиан болж холбооны бүрэлдхүүн өөрчлөгдснийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Олон жил медаль тасарсан болохоор спорт сонирхогчдыг бухимдалд хүргэсэн нь гарцаагүй. Тийм учраас нийгмийн шаардлагаар өөрчлөгдсөн. Гэхдээ аливаа юманд хариуцлага гэж байдаг ч зөвхөн холбооны ганц хоёр хүнд хамааруулж ойлгож болохгүй. Энэ нь багш, дасгалжуулагчид, тамирчид гээд бүгдээс нь шалтгаалах асуудал. Ерөнхийдөө манай тамирчид улсаас өчнөөн мөнгө авсан хэрнээ амжилт гаргахгүй, юуны төлөө зорьж яваагаа төдийлөн мэдэхгүй байгаа ч юм уу. Гэтэл ахмад бөхчүүд энэ бүхнийг яаж мах цусандаа шингэтэл ухамсарлаж энэ бөхийнхөө төлөө хамаг амьдрал залуу насаа зориулж ирсэн билээ дээ. Шинэ холбоо маань надад итгэл хүлээлгэж холбооныхоо эрдэм судалгааны албанд авч ажиллуулж байсанд баярлаж явлаа. Энэ нь миний дуртай ажлын нэг. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр би залуу тамирчдын түвшинг тодорхойлж 1000 бөхөд судалгаа хийлээ. Бидний зүгээс зөвхөн сургаад байх биш, хүн бүр холбоондоо чадах чинээгээрээ тусалъя гэдгийг байнга хэлж байсан. Юм хийе. Залуучуудад маш их потенциал байна. Энэ тал дээр би сэтгэл өндөр байлаа Чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар Б.Гантогтох сонгогдон ажилласан юм. Энэ залуу чөлөөт бөхөөр олон жил сайн барилдаж байсан. Өөрийнхөө багийг ч бүрдүүлсэн. Тэднээс юм хийе гэсэн гэрэл гэгээ тод харагдаж байлаа. Бид аажим аажмаар дээш нь гаргаж олимпын медальд хүргэнэ гэж ажиллаж билээ. Б.Гантогтох гэснээс тэр хүүтэй гар нийлж ажиллаж байсан шүү. Аавтай нь олон ч жил хамт Монгол Улсын чөлөөт бөхийн төлөө сайнтай муутай л хамтран зүтгэсэн дээ. Хүмүүс Б.Гантогтохыг ахлах дасгалжуулагч болоход Х.Баянмөнх их нөлөөлсөн гэж байсан. Б.Гантогтохыг чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч болоход Баянмөнх аварга ямар ч хамаагүй. Түүнийг томилоход далай аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумьяабазар дээр нь гавьяат дасгалжуулагчид гээд мэргэжлийн зөвлөлийнхөн байсан. Баянаа аварга та нар өөрсдөө л шийд. Би юуны хамаа байхав гээд санал ч өгөөгүй. Бидний гол зорилго чөлөөт бөхийг хөгжүүлэх шүү дээ. Гантогтох гарьд чөлөөт бөхдөө илүү анхаарч наадмын бэлтгэлээ хийх ч завгүй дэлхийн аваргаас медаль авна гэсэн том зорилт тавин ажиллаж байсан. Хувийн бизнесийн ажлаа орхиод зөвхөн чөлөөт бөхдөө бүх анхаарлаа хандуулсан, тэгээд ч 2009 ДАШТ-нээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртснийг та бүхэн мэднэ. Дараа нь юу болов Гантогтох ахлах дасгалжуулагчийн ажлаа өөрөө сайн дураараа өгсөн. Ийм тохиолдол өмнө гарч байсан. Өсөхбаяр ахлах дасгалжуулагч болоод идэвхи зүтгэлтэй ажиллаж эхэлмэгц “янз бүрээр” хэлж хавчаад ажлыг нь өгүүлсэн. Мөн л дэлхийн аваргаас нэг мөнгө, нэг хүрэл авахуулсан шүү дээ. Өсөхөө аварга одоо Алдар нийгэмлэгийг яаж нэр төртэй удирдан явааг хэн бүхэн мэднэ. Ингэж залуу үеийнхээ нурууг аваад байвал хэн энэ ажил дээр тогтох юм бэ? Тэрнээс илүү энэ зүтгэж босгосон чөлөөт бөх маань уналтанд орно гэдгийг хэн хэн нь бодууштай. Холбоонд ажиллаж эхлээд удаагүй байтал надад төрийн дээд одон медаль Ардын багш цолоор шагнаж олон жил хөдөлмөрлөж, багшилсныг минь урамшуулсан. Холбооныхон маань ихэд билэгшээн олзуурхаж билээ. За ерөнхийдөө иймэрхүү шив дээ. Багш нь...

Би бөхдөө хайртай, Монголдоо хайртай. Миний баяр баясгалан, миний бардамнал, миний бахархал бол миний Монголын хүчтэнүүд юм. “Дэвжээ хотойлгож, дэлхийг донсголгож явсан энэ хүчтэнүүд МОНГОЛ УЛСЫН МААНЬ НЭРИЙН ХУУДАС” гэж бодохоор үнэхээр бахархууштай.

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Солийн Магсар. /1943-2013/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын багш С.Магсар агсны дурдатгалыг эргэн дурсахуй   
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй