Шууд Chart

"Хүн - Эх дэлхий - Сансрын уудам" үзэсгэлэнг ирэх сард дэлгэнэ

2021-02-22 16:29:24

Уг үзэсгэлэнд Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн дэргэдэх төв архив Росархив урд өмнө нь дэлгэж байгаагүй архивын 200 гаруй хосгүй эд өлөг, баримтыг монголчуудын хүртээл болгох аж.

Харин Монголын талаас БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй Монгол Улсын сансрын нисэгчийн баг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын сансрын технологийн холбоо, Архивын ерөнхий газар зэрэг арав гаруй байгууллага хамтран Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссэн түүхт үйл явдал, сансрын технологийн хөгжил, түүний ашиглалт хэрэглээ, сансар судлал зэрэг сэдвээр үзэсгэлэнд хамтран зохион байгуулагчаар оролцох юм.

Ташрамд дуулгахад, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан баг сансрын уудмыг судлан эзэмших олон улсын “Интеркосмос” программын дагуу тойрог замын эрдэм шинжилгээний “Салют-6”, “Союз-Т-4, Союз-39” цогцолборт, зөвлөлтийн баатарлаг сансрын нисэгч  Владимир Коваленок, Виктор Савиных нартай хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний сорил туршилт хийсэн байна.

"Интеркосмос" хөтөлбөр нь ЗХУ-ын боловсруулсан сансрын хөтөлбөр бөгөөд найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын хөтөлбөр байв.

Уг хөтөлбөрийн хүрээнд 14 улсын нисэгч сансарт ниссэн бөгөөд үүн дотор тухайн үеийн БНМАУ буюу манай улс ч багтсан юм.

Уг хөтөлбөр нь сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах, сансар судлалын олон улсын хамтын ажиллагааны эхийг тавьсан чухал хөтөлбөр байсан ба өнөөгийн олон улсын сансрын станцын эхлэл, олон улсын сансрын нислэгийг баг болон сансрын нислэгийн эх суурь нь болсон гэж үздэг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Хүн - Эх дэлхий - Сансрын уудам" үзэсгэлэнг ирэх сард дэлгэнэ  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй