Шууд Chart

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид 3 жилийн ял оноолоо

2021-03-03 14:04:45

Парис хотын засан хүмүүжүүлэх шүүхээс Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлига авсан, нөлөөгөө худалдсан хэргээр гурван жилийн ял оноолоо. Өдгөө 66 настай тэрбээр 2 жилийн тэнсэн харгалзах, нэг жилийн хорих ял эдлэхээр болж байна.

Прокурорын газраас Николя Саркозид 4 жилийн ял оноох санал хүргүүлж байсан юм. Харин экс Ерөнхийлөгч өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсээр байна. Түүнд давж заалдах 10 хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд тэрбээр эрх чөлөөтэй хэвээр байх юм. Экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгчид, түүнчлэн өмнөх өмгөөлөгч Тьерри Эрзог, Үндсэн хуулийн шүүгч Жильбер Азибер нар шүүхийн шийдвэрээр давж заалдана гэж мэдэгджээ.

Николя Саркозийг Францын Кассацийн шүүхийн ажилтанд хээл хахууль өгсөн гэм буруутай гэж тогтоожээ. Тэрбээр 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн аяны үеэр “Л’Ореал” компанийн эзэмшигч Лилиан Беттанкураас хууль бусаар санхүүжилт авсан тухай мөрдлөг шалгалттай холбоотой нууц мэдээллийг өмгөөлөгч Тьерри Эрзогоороо дамжуулан шүүхийн ахлах зөвлөх Жильбер Азиберээс авсан гэмт буруутайд тооцогджээ.

Тэрбээр Азиберт хариуд нь Монако улсад нэр хүндтэй том албан тушаал амласан гэнэ. Гэвч Николя Саркози амлалтаа биелүүлээгүй байна. Энэ хэрэгт Саркози болон түүний өмгөөлөгчийн 2013-2014 онд утсаар хийсэн ярианы бичлэгүүдийг гол нотлох баримт болгосон байна. Азибер, Эрзог нар ч яллагдагчаар татагдаж, Николя Саркозитой адил хэмжээний ял авчээ.

Николя Саркозийг мөн Ливийн удирдагч Муаммар Каддафигаас 2007 оны сонгуулийн аяндаа хэдэн сая евро хууль бусаар авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнчлэн 2012 оны сонгуулийн аяныхаа зардлыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлсэн асуудлаар энэ хавраас дахин шүүхийн хаалга татна. Саяхнаас мөн Оросын даатгалын нэгэн компаниас консалтингийн үйлчилгээ авсан гэх мөрдлөг шалгалт эхэлсэн байна.

Николя Саркози бол орчин цагийн Францын түүхэнд ажлаа өгснөөсөө хойш ял сонссон хоёр дахь Ерөнхийлөгч, биеэр ял эдлэхээр болсон анхны төрийн тэргүүн болох гэж байна. Түүний өмнө Ерөнхийлөгч агсан Жак Ширак Парис хотын дарга байхдаа хуурамч ажлын байр бий болгосон хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсож байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид 3 жилийн ял оноолоо  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй