Шууд Chart

Мьянмарын Ерөнхийлөгчийг дахин 2 зүйл ангиар буруутгажээ

2021-03-04 13:29:08

Мьянмарын нөхцөл байдалд сэтгэл зовниж байгаагаа олон улс илэрхийлсээр байна. Зүүн Өмнөд Азийн улс орнуудын удирдагчид болон дипломатууд Мьянмарын цэргийн эрхтэнүүдэд хандаж улс төрийн хоригдлуудаа суллаж, улс орноо ардчиллын замд эргэн оруулахыг уриалсан байна. Зүүн өмнөд Азийн улс орнуудын ассоциацийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд төр засгийн эрх мэдлийг хүчээр гартаа оруулсан Мьянмарын цэргийн эрхтэнүүдийн төлөөлөлтэй яриа хэлэлцээ хийсэн байна.

Одоогоор энэхүү хэлэлцээний талаар тодорхой мэдээлэл алга байгаа ч хэд хэдэн орны Засгийн газар Мьянмарын генералуудад хандаж ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газрын тэргүүн Аун Сан Су Чиг суллаж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг шаардсан байна. Мьянмарт энэ хооронд цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна.

"Ройтерс" агентлагийн дамжуулснаар эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг цэргийн эрхтэнүүдийн тушаалаар хүч хэрэглэн дарахыг чармайж байгаагаас болж үүссэн мөргөлдөөний уршгаар 20 гаруй хүн амиа алдсан байна. Өчигдрийн жагсаал цуглааны үеэр л гэхэд жагсагчдаас олон хүнийг баривчилсны дотор хэвлэл мэдээллийн ажилтнууд тэр дундаа "Ассошэйтэд пресс"-ийн ажилтан байна гэсэн мэдээлэл ирж байна.

Мөн цэргийн эргэлтийн үеэр баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьиныг нэмж хоёр зүйл ангиар буруутгасан байна. Түүнийг 3 хүртэлх жилээр хорих ялтай үндсэн хууль зөрчсөн гэдэг зүйл ангиар буруутгасан байна. Ерөнхийлөгчийг шүүх хурлын тов одоог хүртэл тодорхойгүй байгааг өмгөөлөгч нь мэдэгдээд байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын Ерөнхийлөгчийг дахин 2 зүйл ангиар буруутгажээ   
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй