Шууд Chart

Гэртээ тарихад хамгийн тохиромжтой цэцэгс

2021-03-07 12:09:48

Гэртээ цэцэг тарьж ургуулах нь өнгө үзэмжтэй төдийгүй эрүүл ахуйд онцгой чухал ач холбогдолтой юм. Ногоон ургамал нь хүчилтөрөгч ялгаруулж, орчны бохирдлыг цэвэрлэдэг. Гэртээ тарихад хамгийн тохиромжтой буюу айл өрхөд аз жаргал авч ирдэг цэцэгсийн тухай мэдээллийг хүргэе.  

Нил цэцэг

Богино хэврэгхэн иштэй, үсэрхэг тэвгэн навчтай өвслөг ургамал. Цагаан, хөх ягаан, ягаан, шар, улаан, цэнхэр, хөх зэрэг маш олон өнгийн цэцэгтэй, тохиромжтой нөхцөлд жилийн турш цэцэглэнэ. Жилийн турш цэцэглүүлэхийг хүсвэл хоногт 16-18 цаг байхаар тооцон нэмэлт гэрэл өгч жилийн турш сард нэг удаа цэцэгт ургамлын бордоогоор бордоно. 

Нил цэцэг нь гэрэл их шаарддаг. Энэ нь мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг тайван амгалан амьдрахад тусалдаг гэнэ. 

Мирт

Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгтэй. Үзэсгэлэнтэйгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах бөгөөд гэр бүлд аз жаргал авчирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцгийг бэлэглэдэг аж.

Энх тайван, эрүүл мэнд, аз жаргал, залуу насны бэлэг тэмдэг болсон Мирт нь гэр оронд баяр хөөрийг авчирдаг. Тус ургамал нь агаарыг цэвэршүүлж, нян бактерийг устгаж байдаг төдийгүй таниас тийм ч их арчилгаа шаардахгүй давуу талтай. Монголд бол зөвхөн тасалгаанд ургуулах боломжтой бөгөөд хөрсийг хатаалгүй тогтмол сайн услах хэрэгтэй.

Годонхой буюу эрчүүдийн цэцэг

Зөв арчилбал цэцэглэлт нь хавраас намар орой болтол үргэлжилдэг бөгөөд бусад цэцэгсийн адил өвөл амардаг. Годонхой цэцгийн арчилгаанд зөв усалгаа хамгийн чухал. Услах ус нь бүлээн зөөлөн, тавьж хонуулсан, буцалсан ус байвал бүр сайн. Навчийг нь тогтмол цэвэрлэж шүршигчээр шүрших ёстой.

Нарны гэрэлд дуртай ч шууд тусахгүй газарт байрлуулвал сайн. Годонхой хэвийн ургалт, өтгөн цэцэглэхэд мэдээж хангалттай хэмжээний бордоо шаардлагатай. Годонхой цэцгийг хайр сэтгэлд аз жаргал, амжилт авчирдаг гэж үздэг байна. 

Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг

Унтаахай хатны ботаник нэршил нь айргана юм. Гэрэлсэг ургамал бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг. Айрганыг ид ургалтын үед нь бордож өгөх нь зүйтэй. Усалгааг тогтмол хийх ба шүршиж байх хэрэгтэй. Арчилгаа их шаарддагүй бөгөөд хурдан ургадаг цэцэгс юм.

Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол Унтаахай хатан буюу аз жаргалын цэцгийг гэртээ тариарай.

Аихризон буюу дурлалын мод

Тусгай арчилгаа байхгүй. Цэцэглэлт 2-3 дахь жилдээ эхэлдэг. Үндэс саваа дүүртэл ургаж хөрсгүй болсон үед улаан болон шар өнгийн цэцэг гардаг. Ихэвчлэн хавар цэцэглэж зунжингаа байдаг. Цэцэглэгтийг дэмжихийн тулд жижгэвтэр вааранд байлгах ба усалгааг багасган сэрүүн газар өвөлжүүлнэ. Цэцэглэлтийн  үед навчных нь 70 орчим хувь унадаг. Харин дараа нь хатсан цэцэгнүүдийг авч хаян усалгааг ихэсгэнэ. Ингэснээр шинэ навчнууд гарч ирнэ.

Тасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй. Аихризон буюу дурлалын мод нь хайр дурлалыг бэлгэддэг.

Нөмөргөнө

Маш амархан түлэгддэг учраас нарны шууд гэрлээс хамгаална. Дулаанд дуртай цэцэг бөгөөд хамгийн тохиромжтой температур нь 18-25 хэм. Зөв усалгаа маш чухал юм. Бусад цэцгийн адил зуны цагт усалгааг сайн хийж өвлийн цагт амарч байхад усалгааг бүүр багасгана. Услах ус нь зөөлөн, хонуулсан ус байна. Цэцэглүүлэхийн тулд том саванд суулгадаггүй. Өндөр нарийхан ваар хамгийн тохиромжтой. 

Спатифиллум буюу нөмөргөнө цэцэг нь эмэгтэй хүнд аз жаргал авчирдгаараа алдартай. Энэхүү цэцгийг гэртээ авчирснаар ганц бие хүмүүс заяаныхаа ханийг заавал олдог гэдэг. Харин хүүхэдгүй хосууд удахгүй бүл нэмнэ гэж бэлгэшээдэг байна. Учир нь нөмөргөнө цэцэг нь гэрт харилцан ойлголцол, хайр сэтгэлийг авчирдаг аж. 


Гэртээ тарихад хамгийн тохиромжтой цэцэгс  
Үзсэн: 2370 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй