Шууд Chart

Б.Баянбат: Овооноос салгасан 13 шуудай хадгаар морины ногт, хазаарын жолоо, гүүн зэл хийсэн

2021-08-23 17:03:03

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд явсан газар орныхоо уул овоо, модноос салгаж авсан 13 шуудай хадгаар морины ногт, хазаарын жолоо, гүүн зэл, тоононы чагтага сүлжиж хийсэн шашин судлаач Б.Баянбаттай ярилцлаа.

-Танд шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Баянбат гэдэг. Аав, ээж минь Архангай аймгийн хүмүүс. Харин би Улаанбаатар хотод төрсөн. Монголын бурханы шашны их сургуулийг шашин судлаач мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг.

-Та уул овооноос, модноос 13 шуудай хадаг цуглуулахдаа хэр урт хугацааны хөдөлмөр зарцуулав?

-Би гурван жилийн өмнөөс Сүхбаатар аймгийн Зотол хан, Шилийн богд, Дархан хан зэрэг уул хайрханаар явж, хадгаас салгасан. Бас Архангай аймгийн хэд хэдэн сум, ер нь нийт долоон аймгийн нутгаар явахдаа хүмүүсийн модонд, овоонд өргөсөн хадгийг цэвэрлэсэн. .

Монголчууд уул овоонд хадаг өргөдөггүй байсан

-Хадгаар сүлжиж хийсэн морины ногт, хазаар, жолоо, зэл хэр чанартай сайн хэрэглэл болдог вэ. Анх удаа ингэж хийсэн үү, өмнө нь урлаж байв уу?

-Анх удаа хийсэн . Маш бат бөхөөс гадна зөөлөн, гар халаахгүй уналга эдэлгээний тоног хэрэгсэл болсон шүү.

Миний уул овооноос хадаг цуглуулсан учир нь нэгдүгээрт, хүмүүсийг битгий овоонд,  модонд хадаг өлгөөсэй гэж бодсон юм. Хэн нэгэн хүн ингээд авчих юм байна гэж бодоод дараа битгий хадаг тавиасай. Хоёрдугаарт, Монголчууд уул овоонд хадаг өргөдөггүй байсан. Хадаг бол хүндэтгэлийн эд шүү дээ. Багш шавь барилдахдаа л өгдөг.

Овоонд мориныхоо дэл эсвэл сүүлнээс тасдаж аваад жил, нэрээ шившээд уядаг

-Овоонд хадаг болон цаасан мөнгө өргөдөг, модонд хаяг уядаг үйлдлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Эрт цагт ийм ёс Монголд байв уу. Гаднаас орж ирсэн ёс, үйлдэл үү?

-Монголчууд эртнээс овоонд мориныхоо дэл эсвэл сүүлнээс тасдаж аваад жил, нэрээ шившээд уядаг байсан. Энэ нь хийморийн дарцаг юм даа.

Эсвэл уулын бэлээс чулуу аваад, хүслээ шившээд оройд гаргаж тавьдаг байсан. Энэ нь хүслээ даатгаж буй хэлбэр юм. Харин хадаг тавьдаг ёс сүүлийн 80-аад жилийн түүхтэй холбоотой. Мөн хадаг хямд, түгээмэл болсонтой холбоотойгоор ийм зан үйл гарсан байхаа. Ер нь бол хадгийг ундаа усны хуванцар саваар хийдэг, полиэтилен материал шүү дээ. Байгальд хор хөнөөлтэй.

-Ярилцсанд баярлалаа. Байгаль эхийг элдэв "хог"-оос чөлөөлсөн буян тань бум түм үржих болтугай.

-Ерөөл тогтог, гялайлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Баянбат: Овооноос салгасан 13 шуудай хадгаар морины ногт, хазаарын жолоо, гүүн зэл хийсэн  
Үзсэн: 5204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй