Шууд Chart

“ICT EXPO”-г улам өргөжүүлэх “Digital Nation-2021” маргааш эхэлнэ

2021-09-16 12:50:56

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлсэн бөгөөд стратегийн зургаан зорилтыг тодорхойлон, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа билээ.

Энэ хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO”-гийн цар хүрээг нь улам өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр дор зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, Хүүхдийн паркт энэ сарын 17-19-ний хооронд зохион байгуулах гэж байна.

Мөн энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм.

Хүүхдийн паркт гурван өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр дрон болон гэрлийн үзүүлбэр, “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ “5G” сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно.

Түүнчлэн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргөн хэмжээний үйл ажиллагаа уншигч таныг хүлээж байна. Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна.

Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation – 2021” бүрдүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“ICT EXPO”-г улам өргөжүүлэх “Digital Nation-2021” маргааш эхэлнэ   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй