Шууд Chart

Нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгэлээ

2021-09-23 11:51:20

Санхүүгийн зохицуулах хороо салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол, хугацаанд нь хуралдуулж ажилласаар байна.

Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд эхнийх нь “Мобифинанс ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэлээ. Үнэт цаас гаргагч нь Хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын дагуу холбогдох хүсэлтээ ирүүлсэн тул өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тодруулбал, андеррайтерийн компани болох “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа.  

Санхүүгийн зохицуулах хороо аж ахуй нэгж, байгууллагуудын технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөрөнгийн зах зээлд гаргах, олон нийтэд сурталчлан таниулах санал санаачилгыг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү өрийн хэрэгслийг бүртгэсэн нь үүний нэг жишээ юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгэлээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй