Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

2021-10-15 15:08:57

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэндчилгээнд,

“Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэтгэл хийх, шударга ёсны тогтолцоог төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүх болон шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлуулсан билээ.

Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн баталгааг хангах эрх зүйн шинэ орчин бүрдээд байна.

Цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлтэй уялдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түргэн, шуурхай явуулах, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг эрчимжүүлэх хүрээнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Мөрдөх албаны тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах, мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөцийг үе шаттай бүрдүүлэхэд анхаарч, хувийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчийг бэлтгэх бодлогыг баримталж байна.

Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, иргэдийнхээ үндсэн эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулж, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан билээ. Шүүх, хууль сахиулах байгууллагын алба хаагч бүр энэхүү зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж, гагцхүү хуульд захирагдаж ажиллах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэхүү үндэсний чуулганаас шүүхийн бие даасан байдлыг хангах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийн баталгааг бүрэн хангах, эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх үндэсний тогтолцоог сайжруулах, шүүгч, хуульчийн ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хэрэгч санал шийдэл гарна гэдэгт найдаж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй