Шууд Chart

Найрсаг хөршүүд хил хязгааргүй ярилцана

2021-10-22 16:57:05

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар дахь “Русский дом”, Бүх Оросын сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулж байгаа тус чуулга уулзалт Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн өдрүүдэд тохиох хамгийн томоохон арга хэмжээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.

Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, сэтгүүлчдийн ур чадварын сургалт, харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүлзүйн өөрийн зохицуулалтын байгууллага гээд өргөн хүрээт асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалтын үеэр хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хамтын ажиллагааны шинэ өргөн боломжууд нээгдэх юм байна. Тийм ч учраас ОХУ-ын нэр хүндтэй томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, чуулганд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Тухайлбал, ОХУ-ын хамгийн том радио холдинг болох "Русская Медиагруппа", түүний бүтцэд багтдаг долоон радиостанц: “Русское Радио”, “Русская Служба Новостей”, “ХИТ FM”, Радио Maximum, DFM, "Радио Монте-Карло" болон RU телевизийг төлөөлж Бүс нутгийг хариуцсан Ерөнхий захирлын орлогч, Ерөнхий асуудал эрхэлсэн дэд захирал, Олон улсын гэрээ хэлэлцээрийн газрын дарга нь ирэхээ мэдэгдээд буй.

Түүнчлэн Монголын телевиз, радиогийн салбартай түншлэл тогтоохоор Оросын медиа, телерадио системийн хамгийн том интегратор "Окно" телевизийн Сибирийн бүс нутгийг хариуцсан Худалдаа, арилжааны газрын дарга, Инженерийн албаны даргын бүрэлдэхүүнтэй төлөөлөл, Буриадын Бүгд Найрамдах Улсын "Буриад ФМ" радио компанийн ирж хамтран ажиллах гэрээ үзэглэх хүсэлтээ ирүүлжээ.

Үүнээс гадна Бүх Оросын телевиз, радиогийн улсын компаниуд “ВГТРК”, "Россия", "Россия-24", олон улсын мэдээллийн ИТАР-ТАСС, РИА Новости, "Россия сегодня", "Восток-Телеинформ" агентлаг, ОХУ-ын НТС медиахолдинг, "Big Asia" буюу "Большая Азия" телевиз гэх Оросын хэвлэл мэдээллийн салбарын магнатууд “Россотрудничество”-ийн урилгыг хүлээн авч ирэхээр болсон бол Буриад, Халимаг, Тувагаас мөн төлөөлөгчид ирж оролцохоо мэдэгджээ.

Ташрамд дуулгахад, Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан энэхүү чуулга уулзалтад гибрид хэлбэрээр (цахимаар болон биечлэн) оролцох боломжтой, медиа форумын үеэр өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагыг сурталчлах, түншлэл бий болгох, хамтран ажиллах гэрээ үзэглэх боломжийг “Русский дом” хангаж тусгайлан телевизүүд, радио, агентлагууд гэсэн медиафорумын секц ажиллуулах бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хэвлэх үйлдвэрүүдэд павильон гарган ажиллах юм байна. Тус форумын талаар зохион байгуулагчидтай 90059099 утсаар болон mongol@rs.gov.ru и-мэйл хаягаар холбогдож лавлах боломжтой.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Найрсаг хөршүүд хил хязгааргүй ярилцана  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй