Шууд Chart

Айдаст тушуулсан Монголын уран

2021-11-12 13:35:46

Хүн мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айдаг. Айх нь ч аргагүй. Угтаа бол энэ юу болов, үүний цаад учир шалтгаан, шинжлэх ухааны уг үндэс нь юу вэ гэж ухаж ойлгох нь чухал. Гэвч ам дамжсан яриа, хий төсөөлөл, баримт нотолгоогүй сүржин яриа, уриа лоозон хүмүүсийн айдсыг улам дэвэргэж, гал доор тос нэмэх шиг болгоно. Ийм л айдас дагуулсан сэдэв бол Монголын уран. Уран гэхээр л үхлийн аюултай бодис санаанд бууж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гарсан ургийн гажигтай төл малын зураг дүрс танд төсөөлөгдөж мэднэ. Тэгвэл энэ нь уранаас үүдэлтэй бодит баримт нотолгоо юу, аль эсвэл хий хоосон айдас уу...

Монголчууд өнөөдрийнх шиг ингэж уранаас айж эмээж байсан түүх байхгүй. Нэгэн үе ураны олборлох үйлдвэр, хот тосгон байгуулж явсан цаг хугацаа ч хуучраагүй байна. Монгол Улсын ураны анхны судалгааг 1948 онд ЗХУ-ын Геологийн яамны Дорнодын экспедиц хийж, 1970 онд Монгол Улстай ураны геологи хайгуулын судалгаа явуулах нууц гэрээ байгуулжээ. ЗХУ Мардайн уурхайд 1988-1995 онд ил аргаар олборлолт явуулж, 590 мянган тонн ураны хүдэр олборлосон байна. Харин Монголын талд уран олборлосны төлбөр болгож, 1 тн ураны хүдэр тутамд 5 рубль төлдөг байжээ. Ингээд 1998 онд Мардайн хотхон бүхий уурхайг Монголын талд үлдээсэн боловч өнөөдөр балгас болсон. Төмөр зам, дэд бүтэц, өндөр хүчдэлийн шугам, нисэх буудал зэргээс эхлээд орчин үеийн хотын хэмжээнд хүрсэн энэ суурингийн ул мөр ойрх цагийн түүх болон үлдээд байна” гэж Монгол улсын зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор Жамсрандорж хэллээ.

Харин 1996 оноос Монголын ураныг Америк, Канад, Францын компаниуд сонирхох болсон. Иймээс Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого болон цөмийн энергийн тухай хуулиа баталж, мөн төрийн өмчит “Мон атом” компанийг байгууллаа. Гэвч 2012 оноос эхлэн уранаас болж мал үхэж байна гэх мэдээлэл гарч, нийгэмд уран аюултай гэх айдас үүссэн. Энэ үед Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын "Арева" компани хайгуул хийж байлаа. Товчхондоо энэ компани уран олборлосноос болж, малчин Норсүрэнгийн тугал үхлээ, энэ нутагт ургийн гажигтай төл байнга гарах болсон гэх зэрэг мэдээлэл тархаж, иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн уг мэдээллийг хангалттай дэвэргэж байв. Тэгвэл тухайн үед Засгийн газраас гарсан ажлын хэсэг Тугалнууд селенээс болж хордсон байна. Говийн нутагт ялангуяа Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт селен маш их байдаг. Мал амьтан селений илүүдлээс болж хордлого өгдөг. Иймээс тугалнуудын үхлийн шалтгаан нь уранаас болоогүй” гэж дүгнэсэн тухай Цөмийн энергийн агентлагийн газрын дарга асан, Физикийн ухааны доктор Тэгшбаяр хэлсэн.

Селен гэдэг нь байгальд их, бага хэмжээгээр байдаг элемент. Энэ элементээс шалтгаалан тугалнууд үхсэн байж болзошгүй гэдгийг судлаачид тогтоосон. Гэхдээ яагаад нэг дор ийм олон тугал үхэв, хордлогын эх үүсвэр нь юу байв гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Ямартай ч уранаас болж тугал үхээгүй гэдгийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний хариу, дүгнэлтүүд баталжээ. Тэгвэл Улаанбадрах сумын зарим малчны мал ургийн гажигтай гарсан  шалтгаан нь юу вэ...

Энэ асуултад мал эмнэлгийн зөвлөх эмч, академич Ганболд “Дорноговь аймгийн өөрийнх нь мэдээгээр сумдад нь ямар нэг байдлаар ургийн гажигтай, гаж хөгжилтэй, хээл хаясан гэх бүртгэл огт байхгүй. Мал эмнэлгийн газар нь үүнийг албан ёсоор оношилж, бүртгэх үүрэгтэй. Гэтэл бүртгэлгүй. Үнэхээр  одоо ураны нөлөө байна уу, үгүй юу гээд тугалын бөөрөнд үзэхэд өөрчлөлт байгаагүй. Тэгээд химийн бодисын хадгалалт, хамгаалалттай холбоотойгоор тугал үхсэн гэж үзэх боломжгүй байна. Цацраг болон ураны нөлөөнөөс хорогдоогүйг тогтоолоо гэж дүгнэсэн. Дараа нь 2019 онд 20 аймгийн мал эмнэлгийн нэгжүүдийг оролцуулаад танай аймаг, суманд гаж хөгжлийн ямар илрэх байна вэ гэсэн судалгаа явуулаад 12  төрлийн 304 тохиолдол байна гэдгийг илрүүлсэн. Нэг аймагт дунджаар 14-16 буюу бидний бодсоноос шал өөр дүгнэлт гарч байгаа юм. Архангай аймагт л гэхэд ургийн гаж хөгжил, цус ойртолт, тэжээлийн дутагдал, үржил селекцийн шалтгааны улмаас 33  тохиолдол илэрсэн. Гэтэл бидний анхаарал татаад байсан Дорноговьд 11 тохиолдол байна. Бүх аймагт ургийн гажиг, гаж хөгжил илэрч байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Ганцхан Дорноговьд биш” гэсэн хариулт өгч байна.

Уран нь цацраг идэвхт бодис ялгаруулдаг. Энэ нь байх ёстой хэмжээнээс их байвал хүний биед сөрөг нөлөөтэй. Мөн бидний уудаг ус, иддэг хоол хүнсээр дамжин хүн, малыг хордуулах магадлалтай. Одоогоор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас болж хүн, эсвэл мал хордсон гэх шинжлэх ухааны дүгнэлт гараагүй байна. Тэгвэл уранаас болж мал үхлээ, ургийн гажигтай төл гарлаа гэх батлагдаж, нотлогдоогүй мэдээллээр олон нийтийг айдас автуулах сонирхол хэнд байж болох вэ... Магадгүй санаатай зохион байгуулсан үйл явдал ч байж болзошгүй. Иймээс энэ асуудлыг хууль хүчний байгууллага шалгаж эхэлсэн гэдгийг судлаачид хэлж байна.

Уран хортой элемент. Гэхдээ технологийн дагуу зөв олборлоход аюулгүй. Одоогоор манай улсад 10 гаруй ураны орд илэрч, 160 орчим мянган тонн нөөцтэй гэх судалгаа гараад байна. Гэвч эдийн засгийн хувьд өндөр ашигтай энэ орд газруудаа ашиглаж чадахгүй, уран хортой, хоргүй гэх маргаан, айдсын дунд гацсаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ жил “Бадрах энержи” компани туршилтын үйлдвэрээ Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ордод бариад байна.

"Бадрах энержи" компанийн тухай тодруулахад, Франц улсын төрийн өмчит “Арева” групп 1996 оноос хойш “Коже говь” компаниараа дамжуулан Монголд ураны хайгуул хийж эхэлсэн. "Коже говь" компани Улаанбадрах суманд 10 гаруй жил тасралтгүй хайгуул хийсний үр дүнд Дулаан уул ордод 6270 тонн, Зөөвч овоо ордыг 54390 тонн ураны нөөцтэй гэж бүртгүүлээд байна. Монголын ураны нөөцийн тал хувийг бүрдүүлдэг энэ орд газруудын 34 хувийг Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани эзэмшиж байна. Харин 66 хувийг нь Францын төрийн өмчит "Орано" групп болон Японы "Мицибуши" корпораци хамтран эзэмшдэг. Иймээс "Бадрах энержи" компанийг Монгол, Франц, Япон гурван улсын хувьцаа эзэмшигчдийн түншлэл гэж ойлгож болно.

“Бадрах энержи” компани газрын дор уусган баяжуулах аргаар туршилтын олборлолтоо эхлүүлсэн. Энэ оны сүүлч гэхэд туршилтын олборлолтоо дуусгаж, ирэх жилээс хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Монгол Улс уран олборлож, экспортлох боломж бүрдэнэ гэлээ. Гэвч олон нийт ураныг хэт хортой, аюултай гэх ойлголт авснаас үүдэж, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгардаг. Иймээс бодит байдлыг олон нийт ойлгуулах нь чухал гэж үзэж байна.

Нэвтрүүлгийг ЭНД дарж сонсох боломжтой. 

Нийтэлсэн: Г.Батзаяа

Айдаст тушуулсан Монголын уран   
Үзсэн: 1712 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй