Шууд Chart

Х.Сумъяадорж: Шантрах хүслийн яг цаана амжилт байдаг

2021-11-19 15:18:05

Тэрбээр анх эмчийн мэргэжил сонгож, АШУҮИС-д хоёр жил сурсны ард өвөө, аав, ээж, эгчийнхээ мэргэжлийг өвлөн авахаар өдгөө Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид суралцаж байна.

-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Би Сакура сургуулийг төгсөөд АШУҮИС-д хоёр жил сурч “Pre medical” төгссөн. Одоо СУИС-ийн жүжигчний ангийн гуравдугаар курст Б.Хишигзаяа багшийн шавь болон сурч байгаа.

-Урлагийнхан жүжгийн бэлтгэл, киноны зураг авалт гээд гэртээ байхаасаа байхгүй нь их. Танай гэр бүлийн хувьд аав, ээж, эгч тань гээд гурван ч урлагийн хүн бий. Багаасаа л биеэ дааж өссөн үү?

-Аав, ээж хоёр тоглолт, кино, уран бүтээл гээд өглөө, оройдоо ч гэртээ байдаггүй байсан. Би дийлэнхдээ л гэртээ ганцаараа үлдэнэ. Надад урлагийн талаарх мэдлэг ойлголтыг хамгийн их түгээсэн хүн миний эгч. Намайг сурагч байхад эгч СУИС-ийн оюутан байсан. Сургууль дээр нь өрнөдөг амьдрал, заадаг хичээл бүрийг надад ярьж өгдөг байсан л даа. Тэр бүгд нь сэтгэлд үлдчихсэн. Би тухайн үеэс л СУИС-ийн оюутан болох хүсэл төрсөн юм билээ.

Анагаахад хоёр жил сурчихаад, СУИС-д элссэний дараа эгчээсээ сонсдог байсан тэр амьдрал, хичээлийн тухай миний төсөөллүүд бүгд биелсэн. Мөн би энэ сургуульд байх, сурах ёстой, жүжигчний мэргэжлийг эзэмшиж чадах юм байна гэсэн мэдрэмж төрдөг.

Намайг багад ээж урлагийн бригадаараа олон аймгаар тоглолтоор явдаг байсан. Би ээжийгээ дагаад тоглолтын арын ажилд нь туслаад тайз, жижиг хэрэглэлийг нь зөөдөг байлаа. Надад тохирсон жаахан хүүхдийн дүр олдвол тайзан дээр гарчихна. Мөн “Сая долларын олз”, аавын найруулсан “Дурлалын сум” зэрэг киноны богино сценд орж байсан.

Аав тулааны спортоор хичээллэсэн хүүхэд тэвчээртэй, төлөв даруу болдог гээд багаас минь тулааны спортоор хичээллүүлсэн. Анх таеквондо, дараа нь боксоор хичээллээд сүүлд гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг багшийнхаа шавь болж холимог тулаанаар хичээллэсэн. Тухайн үед ч жүжигчин болох хүсэл байсан болохоор бэртэл гэмтлээс зайлс хийх үүднээс рингэнд гарч, тулаанд орж байгаагүй. Одоо бол чөлөөт цагаараа фитнессээр л хичээллэдэг.

-Спортын уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан уу?

-Анх 18-тайдаа фитнессийн тэмцээнд орж байсан. Фитнессийн тэмцээний хувьд гол нь медаль авахдаа бус тайзан дээр зогсох тэр мэдрэмж л гоё байдаг юм билээ. Гурван сарын турш чихрийн агууламжтай, амтлаг хүнснээс бүгдээс нь татгалзаж зөвхөн тахианы цээж мах, будаа л иддэг маш хүнд хоолны дэглэм барьсан. Тухайн үед өвөл байсан болохоор илчлэг багатай хоол хүнс хэрэглэхээр амархан даарч, ядардаг юм билээ. Тэмцээн болохоос 21 хоногийн өмнө шантраад “гоё биетэй болно гэдэг худлаа юм байна, ингэж өөрийгөө зовоож байхаар хэвийн хоолны дэглэмдээ шилжий” гээд нэг бүтэн уут зүсмэл боорцгийг нэг дор идчихсэн. Аав намайг хараад “Аливаа амжилтад хүрэхэд төгсгөлөөс хэдхэн алхмын өмнө хүнд шантрах мэдрэмж төрдөг. Үүнийг “үхлийн цэг” гэдэг юм. Хэрвээ шантармаар санагдаж байвал “үхлийн цэг” дээр ирсэн гэсэн үг, энэ цэгийн ард амжилт байгааг санаж өөрийгөө илүү их дайчил” гэж хэлсэн. Аавын энэ үгийг сонсоод “нүдээ аниад” л зүтгэсэн, зөвхөн бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулаад долоо хоног бэлтгэлээ хийсэн чинь бүх булчингууд маань ялгарч гарч ирсэн, өөрөөр хэлбэл хүссэн үр дүндээ хүрч эхэлсэн. Би өөхөө хайлуулж, зорьсон биеэ бүтээгээд өөрийгөө ялсан учир тэр тэмцээний тайзан дээр гарсан гэж боддог. Аавын хэлсэн “үхлийн цэг” дээр ирвэл илүү их хичээ, өөрийгөө дайчил гэсэн үгийг шантрах хүслийн яг цаана нь амжилт байдаг гэж хардаг, зөвхөн фитнесс, уралдаан тэмцээн дээр ч бус барьж авсан ажил бүр дээрээ л хэрэгжүүлдэг болсон.

Одоо бол ямар ч ажлыг эхлүүлсэн л бол дундаас нь хаях бус заавал дуусгах ёстой л гэж боддог. Түүний ард их ч бага ч ямартай ч үр дүн байдаг.

-Эгчийг тань мөн таныг жүжигчин болно гэхэд аав, ээж тань хэрхэн хүлээж авч байв?

-Эгчийг жүжигчин болох шийдвэр гаргахад аав, ээж хоёр “Урлагийн мэргэжил ачаалал их, зав чөлөө бага. Өөр мэргэжил эзэмш” гээд их дургүй байсан юм билээ.

Эгч мэргэжил сонголтондоо үнэнч байснаараа жүжигчин болсон гэж боддог. Харин намайг мэргэжлээ сонгоход эсэргүүцээд нэмэргүй юм байна гэсэн “сургамж” авчихсан байсан байх, “дуртай мэргэжлээрээ л сур” гэсэн.

Нэг зүйлийг хэлэхэд урлагийн мэргэжил хувь хүний ур чадвараас их шалтгаалдаг. Авьяасыг хүчээр өвлүүлэх боломжгүй гэж боддог. Урлагийн ажил мэргэжил 100 хувь тухайн хувь хүний хичээл зүтгэлээс хамаарна.

-Тийм байтал яагаад анагаахын сургуульд элссэн бэ?

-Яг нуулгүй хэлэхэд эгч намайг эмч бол гэж ятгасан юмаа. Мэдээж шалгалт өгөөд тэнцээд анагаахын сургуульд орсон. Анагаахад хоёр жил сурахдаа эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, ямар хоол хүнс хэрэглэвэл өвдөхгүй байх, амьдралын зөв дадал хэвшил гээд эрүүл мэндийн чиглэлийн их олон зүйл сурч мэдэж авсан. Би анагаахын оюутан байхдаа Хавдар судлалын үндэсний төвд дадлага хийсэн. Тухайн үед өвчтэй хүнтэй хэрхэн харьцах вэ гээд хүн судлалын чиглэлээр ч уншиж, мэдэж сурсан зүйлс бий. Хэдий одоо урлагийн мэргэжлээр сурч байгаа ч гэсэн анагаахын оюутан байхдаа сурсан тэр бүх мэдлэг маань хэрэг болж байгаа.

Мөн би анагаахын сургуульд ороод эхнэртэйгээ танилцсан. Миний анагаахын сургуулиас олж авсан хамгийн гоё сайхан зүйл миний эхнэр (инээв).

-Анагаахын сургуулиас гараад урлагийн сургуульд элсэх шийдвэр гаргахад тань хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу байв?

-Анагаахад сурч байхдаа нэгдүгээр курсийн зуны амралтаар аавын найруулсан одоо хараахан үзэгчдэд хүрээгүй байгаа киноных нь ажилд тусалсан юм. Тухайн үед л СУИС-ийн жүжигчний ангид элсэх сонголт хийсэн. Би намар нь шууд СУИС-д элсэх бодолтой байсан ч аав “Миний хүү эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг үз. Анагаахын сургуульдаа хоёр жил сураад суурь ойлголтоо мэдэж аваад шалгалтаа өгч “Pre medical” төгссөний ард СУИС-д элс гэж хэлсэн”.

-Аавын тань найруулсан “Хиртээгүй сарнай” романтик, триллер кино маргааш (өнөөдөр) нээлтээ хийнэ. Та мөн туслах дүр бүтээж байгаа юм билээ. Энэ дүрийг хэрхэн авсан бэ, өөрийн тань бүтээж буй анхны дүр үү?

-Тийм ээ анхны дүр. Аав “Энэ дүрийг би чамд өглөө, миний хүү өөрийгөө сориод үз. Гол нь сайн хичээгээрэй, 100 хувь чиний хичээл зүтгэлээс хамаарна” гэж хэлсэн. Миний авсан дүр найзуудыгаа өмөөрч зодоон цохион хийдэг залуугийн дүр л дээ. О.Амгаланбаатар ахтай гээд өөрөөсөө ах хүмүүстэй нэг үе болж тоглосон.

-Сургуулиа төгсөхөд тань уран бүтээлийн олон зам, сонголт гарч ирэх байх. Дэлгэцийн бүтээлд түлхүү тоглох уу эсвэл театрын жүжигчин болох уу?

-Би их сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт шалгалт өгөх бодолтой байгаа. Яагаад гэвэл тайз жүжигчин хүнийг ирлэж, мэргэжлийн бүх л ур чадварыг шаарддаг. Жүжигчин хүн бүрийн мөрөөдөл театрын тайзнаа тоглох байдаг болов уу гэж боддог. Мөн би англи, япон хэлтэй. Хэлээ илүү сайн сурч байгаад ирээдүйд гадаадын кинонд тоглох хүсэл бий.

Би одоо “Хаадын хаан.Андгай” жүжгийн олны хэсэгт тоглож байгаа. УДЭТ олны хэсэгт тоглох жүжигчдийг сонгон шалгаруулдаг юм билээ. Сонгон шалгаруулалт нь өнгөрсөн зун болсон. Драмын театрт жүжгийн арын хэсэгт оролцоод явахад жүжигт дүр бүтээх кинонд тоглохоос илүү хүнд байдаг юм байна гэж санагдсан. Жүжигчин хүний урлагийн сургуулиас мэдэж сурч авсан дуу хоолой, биеэ авч яваа байдал, биеийн хөдөлгөөн, уян хатан байдал зэрэг мэдлэг чадвар бүр нь тайзан дээр тоглоход нь харагддаг юм билээ. Тийм дээ ч кинонд мэргэжлийн жүжигчин бус хүн тоглосон тохиолдол байдаг бол харин тайзан дээр бол тэгэх боломжгүй, зөвхөн мэргэжлийн жүжигчид л гарах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан.

-Жүжигчний мэргэжлийнхээ хажуугаар аавынхаа мэргэжлийг өвлөж авах бодол бий юу?

-Тийм бодол байгаа. Эхлээд жүжигчний мэргэжлээ сайн сурч эзэмших хэрэгтэй. Найруулагчийн ажил уншдаг, сэтгэдэг, боддог хүний хийдэг ажил гэж боддог. Надад үүнээс нэг өгөгдөл нь байгаа гэж хардаг. Манай гэр нэлээн том номын сантай, дан уран зохиолын ном байдаг. Энэ нь намайг ном унших дадалтай болгосон. Багадаа анх хавтсыг нь хараад сонирхоод уншиж эхэлнэ, тэгээд л уншиж байгаа номынхоо амтанд орчихдог байлаа. Өөрийгөө үеийнхэн дундаа ном уншдагтаа ордог гэж боддог.

-Олон насны зөрүүтэй ах дүүс хоорондоо хол хөндий өсөх тохиолдол байдаг. Х.Учрал ахтайгаа хэр дотно вэ, ахтайгаа холбоотой дурсамжаасаа хуваалцаач?

-СУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан байхад ах цуг шинэ жилийн цэнгүүн хөтөлье гэж дуудсан юм. Одоо бодох нээ гоо сайхны байгууллагын л шинэ жил байсан юм байна, дан эмэгтэйчүүд шинэ жилээ тэмдэглэж байсан. Учрал ах цэнгүүнийг нь эхлүүлчихээд арга хэмжээ дундаа ороод, уур амьсгал нь гоё болсон хойно надаар хөтлүүлсэн. Миний хамгийн анхны хөтлөлт байсан болохоор жижиг алдаа дутагдал гаргасан л даа. Тэр болгонд ах тайзан дээр гарч ирж алдааг минь залруулж, уур амьсгалыг “буцааж” гоё болгож байсан. Тэр арга хэмжээ дууссаны дараа ах чиний цалин гээд нэлээн их мөнгө өгсөн юм. Би цалин авна гэж ерөөсөө бодоогүй, ах надад арга хэмжээ хэрхэн, яаж хөтөлдгийг зааж өгөх гэж байгаа юм байна гэж л ойлгочихсон байсан болохоор цалин аваад маш их баярласан. Ер нь манай ах дүү нарыгаа гэсэн сэтгэлтэй, маш гэр бүлсэг хүн. Ажил мэргэжлийнхээ тал дээр ч мундаг гэж хардаг.

-Монголын өнөө цагийн ид уран бүтээлээ туурвиж яваа тайз, дэлгэцийн жүжигчдээс өөрийн шүтэн биширдэг эрэгтэй, эмэгтэй нэг нэг жүжигчнийг нэрлээч?

-Эрэгтэй жүжигчдээс гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ах шиг болох юмсан гэж боддог. Яагаад гэхээр их уншиж, судалдаг олон талын мэдлэгтэй, бүтээсэн дүр болгоноос нь сэтгэл зүрхээ бүрэн зориулсан гэдэг нь харагддаг. Эмэгтэй жүжигчдээс ээж, эгчийгээ шүтэж биширдэг. Манай ээж, эгч ч тэр маш хөдөлмөрч хүмүүс. Урлагийн ажил маш хүнд, цаг наргүй байдаг. Тэр дундаа эмэгтэй уран бүтээлчээс илүү их хөдөлмөр шаарддаг гэж боддог. Бага байхдаа төдийлөн анзаардаггүй байсан юм билээ. Өөрөө урлагийн мэргэжлээр сураад ээж, эгчийнхээ хэр их хөдөлмөрлөснийг харж мэдэрсэн.

-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд урлагийн бүх л үзвэр үйлчилгээ үзэгчгүй болсон тэр цаг үед танай аав, ээж “урлагийн гал”-ыг манаж” “Өнгөт инээд” продакшныг амжилттай удирдан олон уран бүтээлчийг амжилтын замд хөтөлсөн, үзэгчдийг ч урлаг соёлоор таслаагүй гэж бодож, хувьдаа их хүндэлдэг?

-Аав найруулагчийн ангийн оюутан байхдаа Бооёо, Амбий тэргүүтэй хошин урлагийн мундаг мастеруудын дээд ангийнх нь ах байсан юм билээ. Дипломын жүжгүүд дээр нь хамтарч ажиллаж байсан санаа нийлдэг жүжигчдээ цуглуулаад хошин урлагийн анхдагчид болох Батзаяа, Сосорбарам, Чаминчулуун гуайн тоглолт, уран бүтээлүүдээс санаа аваад продакшнаа байгуулж байсан гэсэн. Аав, ээжийгээ мятаршгүй, ямар ч саад, бэрхшээлд бууж өгдөггүй уран бүтээлч гэж боддог. Тайзны бүтээл өдөр бүрийн цаг наргүй тасралтгүй бэлтгэлээс бүтэж үзэгчдэд хүрдэг. Аав, ээж хоёр маань ийм их ажлын ард гарчихаад шууд л киноны ажил руу орчихно. Гэртээ байх үедээ ч тэр аав кино зохиол барьж аваад босох ч завгүй бичээд суучихна. Хөндлөнгөөс нь хараад тэр их ажлыг яаж амжуулдаг юм бэ гэж гайхдаг.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

-Намайг урьж ярилцсанд мөн баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Х.Сумъяадорж: Шантрах хүслийн яг цаана амжилт байдаг  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй