Шууд Chart

Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааны шилдгүүд тодров

2021-11-24 17:21:53

Польшийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Улаанбаатар хотноо, Монгол Улсын Консерваторийн концертын танхимд гурав дахь удаагаа зохион байгуулагдаж ДБЭТ-ын тайзнаа шагнал гардуулах ёслол болон шагналтнуудын тоглолтоор 11 сарын 22-ны орой өндөрлөлөө. Уг уралдааныг Монгол Улсын Консерватори БНПУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулав. Уралдааны зохион байгуулах хорооны даргаар МУК-ын захирал Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Профессор Ц.Пүрэвхүү, уралдааны зөвлөхөөр БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ноён Кшиштоф Бойко, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн нар ажиллалаа. Уралдааны зохион байгуулалтыг Соёлын яам дэмжлэг үзүүлэн шагналын сан, зохион байгуулах зардалд нийт 10 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлэв. Польш Улсын Гадаад хэргийн яам энэхүү уралдааны оролцогчдын шагналын санг ивээн тэтгэн оролцлоо.

Тус уралдааны 17 нас хүртэлх төгөлдөр хуурчид оролцсон В ангилалд тэргүүн байрыг Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 10-р ангийн сурагч Ц. Гүнбилэг, хоёрдугаар байрыг Испани улсын залуу төгөлдөр хуурч Циктор Гасиор, гуравдугаар байрыг Консерваторийн СХМС-ын 10-р ангийн сурагч Д.Танхилуун, тусгай шагналыг 5-р ангийн сурагч А.Түшигт нар хүртлээ. 18-32 насны төгөлдөр хуурчдын оролцсон А ангилалд тэргүүн байрыг МУК-ын төгсөгч, Солонгос улсын Урлагийн их сургуулийн оюутан Жаргалсайханы Ариунзаяа, хоёрдугаар байрыг Грек улсын төгөлдөр хуурч Филивос Гациоус, гуравдугаар байрыг ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн оюутан Анастасия Стасевич нар хүртлээ. Мөн А ангиллын тусгай байрыг МУК-ын мэргэжлийн төгөлдөр хуурын багш Гаваасүрэнгийн Оюун-Эрдэнэ, МУК-ын төгсөгч Мандахсүрэнгийн Заяа нар хүртлээ. Уралдааны Шилдэг багшийн шагналыг МУГБ, дэд профессор Чадраабалын Тунгалаг хүртлээ.

Уралдаанд Ф.Шопены бүтээлүүдээс гадна Германы суут хөгжмийн зохиолч И.С.Бахын олон хоолойн бүтээүүд, Монголын нэрт хөгжмийн зохиолчид С.Гончиг-Сумлаа, З.Хангал, С.Сансаргэрэлтэх, Х.Мөнх-Ертөнц, Ш.Өлзийбаяр нарын бүтээлүүдээс тоглогдлоо. III уралдаанд оролцогчдын хөгжмийн сэтгэлгээ, техникийн чадвар, Шопены бүтээлүүдийн хэрхэн амилуулж буй авьяас билгийг шүүхээр нэрт төгөлдөр хуурчид, багш нар ажиллалаа. Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, Профессор В.Швитава, шүүгчдээр ХБНГУ-ын Мюнхен хотын хөгжмийн их сургуулийн профессор М.Беллхайм, Испани улсын Мадрид хотын Алкала де Энарес хөгжмийн консерваторийн профессор Д.Мэндмаа, СУИС-ын хүндэт профессор, нэрт төгөлдөр хуурч Ц.Энхтөр, МУК-ийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Б.Номингуа нар ажиллав.

Уралдааны зохион байгуулалтыг дэмжиж, оролцогчдод амжилт хүсэн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын ЗГ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын ЗГ-ын гишүүн, Соёлын Сайд Ч.Номин, Монгол Улсын ЗГ-ын гишүүн, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссыг даргалагч, Барилга хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар нар болон БНПУ-ын төрийн Сеймийн дэд дарга Хатагтай М.Гошевска, БНПУ-ын гадаад хэргийн сайд, Ноён З.Рау, БНПУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ноён.К.Бойко, Урбанек компанийн захирал Доктор Б.Лхагважав нар амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааны шилдгүүд тодров  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй