Шууд Chart

Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч гүрнүүд газрын тосны нөөцөө зах зээлд гаргана

2021-11-25 10:32:37

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден “стратегийн нөөцөө” гаргах шийдвэр гаргасны дараа, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хэлбэлзэж эхэллээ. Тэгвэл АНУ-ын дараа Их Британи, БНХАУ, Япон тэргүүтэй улсууд газрын тосны нөөцөөсөө зах зээлд нийлүүлж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа “эрэлтээ” хангахаа мэдэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар АНУ үндэсний нөөцөөсөө 50 сая баррель газрын тос гаргахаа мэдэгдээд байгаа бол, Япон улсын хувьд үндэсний нөөцөөсөө 4.2 сая баррель газрын тосыг гаргаж дуудлага худалдаанд оруулна гэж өдөр тутмын Никкей сонинд онцолжээ. 

Мөн Энэтхэг улс 5 сая баррель,  Их Британи 1.5 сая баррель газрын тосыг зах зээлд  гаргах гэж байгаа аж. Харин БНХАУ болон БНСУ зах зээлд гаргах газрын тосны хэмжээ болон цаг хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирээгүй байна.  БНСУ-ын хувьд АНУ болон бусад холбоотон орнуудтайгаа зөвлөлдөж шийдвэрээ гаргана гэлээ.  Өмнө нь 2011 онд Ливид иргэний дайн дэгдэж, дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдах үеэр, БНСУ 3.5 сая баррель буюу газрын тосны нөөцийнхөө 4 орчим хувийг гаргаж байжээ.

Тэгвэл БНХАУ-ын хувьд газрын тосны нөөцийнхөө талаар тийм ч их мэдээлэл гаргадаггүй ч 2017 онд тус улс 37.7 сая тонн-ийн хүчин чадалтай, газрын тос нөөцлөх есөн бааз байгуулсан гэж CNN агентлаг мэдэгджээ. Гэхдээ эдгээр улсууд ойролцоогоор 70-80 сая орчим баррель газрын тосыг зах зээлд гаргах төлөвтэй байгааг шинжээчид онцолсон юм.

Фүжитоми Секюүритиз компанийн ахлах шинжээч  Казүхико Сайто хэлэхдээ, Газрын тос хэрэглэгч улс орнууд түүхий нефтийн үнийг бууруулахын тулд гаргаж байгаа хүчин чармайлт нь тодорхой үр дүнг үзүүлнэ гэлээ. Гэсэн ч зарим шинжээчид, улс орнууд газрын тосны  нөөцөө чөлөөлж байгаа энэхүү арга хэмжээ нь шатахууны үнэд богино хугацаанд л нөлөөлнө гэж үзэж байна.

Учир нь улс орнууд олон жилийн нөөцөө шавхаж, агуулахуудаа хоослох нь хэдэн сарын дараа гэхэд илүү их үнийн дарамтад оруулах эрсдэлтэй тухай Гоулдмэн Саэксийн шинжээчид үзсэн юм. Тэгвэл газрын тосны зах зээлийн ахлах шинжээч Луиза Диксон,  "Богино хугацаанд нийлүүлэлт нэмэгдүүлж, зохиомлоор газрын тосны үнийг буулгаж байгаа нь 1-2 сарын дараа газрын тосны зах зээлд бүр их аюулыг авчирна гэж үзэж байна. Ирэх онд АНУ-ыд конгрессын сонгууль болно.

Өдрөөс өдөр өсөн нэмэгдэж байгаа шатахуун, газрын тос, инфляцийн дарамт зэрэг нь ерөнхийлөгч Жо.Байдены Ардчилсан намыг унагах томоохон аюул тул зайлшгүй арга хэмжээг ийнхүү авч байна гэж  Global Times онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч гүрнүүд газрын тосны нөөцөө зах зээлд гаргана  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй