Шууд Chart

АНУ “Умардын урсгал-2” төсөлд шинэ хориг тавьлаа

2021-11-25 11:12:47

"Умардын урсгал-2" хийн хоолойн төслийн баталгаажуулах явцтай холбоотой асуудлууд үргэлжилсээр байна. Тухайлбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Умардын урсгал-2 төсөлд  шинэ хориг арга хэмжээ авснаа мэдэгдлээ. Тэрбээр Конгрессод тавьсан илтгэлдээ, уг хориг арга хэмжээ нь 2019 оны Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуульд нийцэж байгааг онцолжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэлдээ, "Умардын урсгал-2" хий дамжуулах хоолойн гүйцэтгэлд оролцсон 8 хүнд хориг тавьж байна гэлээ. Ийнхүү Герман руу Балтийн тэнгисээр дамжуулан тавьсан хийн хоолойн төсөлд шинэ хориг арга хэмжээ авч байгаа гол шалтгаан нь  ОХУ, Украинтай хиллэдэг хилийн ойролцоо цэргээ байршуулснаас үүдэлтэй гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдээлсэн байна.

Гэвч CNN мэдээлж байгаагаар Жо Байдены засаг захиргаа хий хоолойн ажил үндсэндээ дууссан тул АНУ Украины хилээр шалтаглан уг төслийн явцыг хойшлуулах арга гэж үзжээ.  Мөн АНУ, Германтай харилцаагаа хадгалахын тулд "Умардын урсгал-2" төслийн барилгын ажлыг хийсэн Германы компаниудын эсрэг хориг арга хэмжээ аваагүй байна.

Харин Энтони Блинкений хориг арга хэмжээ нь Конгресс дахь ардчилсан болон бүгд найрамдах намын  гишүүдийн аль алинд нь хангалтгүй байгаа тухай шинжээчид онцолжээ. Тэр дундаа Техасаас сонгогдсон сенатор Тед Круз "Умардын урсгал-2"-ын төслийг эсэргүүцэгч олон нэр дэвшигчийг ирэх оны сонгуульд нэр дэвшүүлэх сонирхолтой байна гэлээ. Тус төсөлд тавих хоригийг чангатгахын тулд Батлан хамгаалахын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулахаар ажиллаж байна.


Мөн АНУ-ын зүгээс Украинд эрчим хүчний нөөцөө төрөлжүүлэхэд нь туслах зорилгоор 245 сая ам.долларын шинэ санхүүжилт олгож байна гэж Энтони Блинкен мэдэгдсэн юм. Украины байгалийн хийн транзитийн гэрээг ОХУ-тай сунгахын тулд бүх боломжит хөшүүргийг ашиглахыг Германы талд санал болгож, энэ нь Украины транзит тээврээс олох олон тэрбум долларын орлогыг хэвээр хадгалах, Украиныг Оросын байгалийн хийн хараат байдлаас ангижруулахад тусална гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт Берлины зүгээс "Умардын урсгал-2"-ын төслийн баталгаажуулах явцыг түдгэлзүүлсний дараа Европын хийн үнэ огцом өссөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ “Умардын урсгал-2” төсөлд шинэ хориг тавьлаа  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй